• MN
  • EN
  • CN
  • RU
  • ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫГ УРИАЛАВ
    06/06/2018

    ХХААХҮЯ, МҮХАҮТ хамтран “Дотоодын үйлдвэрлэл-Төрийн худалдан авалт” сэдэвт үзэсгэлэн, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээг 2015 оноос эхлэн ХХААХҮЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, МҮХАҮТ, мэргэжлийн холбоод хамтран үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх, төрийн худалдан авалтад нийлүүлэх зорилгоор зохион байгуулдаг юм. Энэ үеэр төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээрээ салбар бүрийн 40 орчим аж ахуйн нэгж үзэсгэлэн гаргалаа.  
     

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглож Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага

    Үзэсгэлэн хэлэлцүүлгийг нээж  ХХААХҮЯамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлэхдээ “ХХААХҮЯ-наас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл-Монгол хүн” зорилт тавин, “Атрын III аян”, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг тус тус өрнүүлж байна. Мөн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн, ядуурлыг бууруулах, улс орны эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор “Үйлдвэржилт 21:100”, “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо”, “Ноолуур” хөтөлбөрийг боловсруулан батлууллаа. Бидний цаашдын зорилго нь Монгол үндэсний ёс заншил, нүүдэлчдийн соёл иргэншлийн онцлогийг тусгасан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах төдийгүй олон улсын зах зээлд гарах юм” гэдгийг онцлон тэмдэглэв. 2016 онд хийсэн төрийн худалдан авалтын тайланг авч үзвэл 64 төсвийн захирагч 193,7 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор 1200 ААН-ээс бараа бүтээгдэхүүн худалдан авчээ. Нийт худалдан авалтын 76  хувь нь буюу  147,5 тэрбум  төгрөгийг дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн авахад зарцуулсан байна. Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдан авсан үзүүлэлт урьд оныхоос 2,4 дахин өссөн. 2017 онд 276 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээг авахаар төлөвлөсөн. Энэ дашрамд төрийн байгууллагуудад эх оронч худалдан авалт хийхийг уриалж байна”  гэв.

    МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа ярихдаа “Энэ арга хэмжээнд нийтдээ есөн салбарын 70 гаруй байгууллага бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Төрийн болон төрийн бус орон нутгийн байгууллагуудыг бараа бүтээгдэхүүнээр хангахад чиглэгдэж байгаа юм. Одоо мөрдөгдөж байгаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар бизнес эрхлэгчдэд сурталчлах тэдгээрийн саналыг авах зорилготой. 2017 онд нийт 4500 гаруй тендер зарлагдсан. Үүний 3500 тендерийн үр дүнг олон нийтэд танилцуулсан. 2017 онд дотоодын үйлдвэрлэгчдээс төр 40 гаруй тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн. Нийт 12 салбарын бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан юм. Үүнд оёмол, сүлжмэл, хүнсний хэвлэмэл бүтээгдэхүүнүүдийг түлхүү худалдан авсан байгаа юм. Дотоодынхон уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Үйлдвэрлэгчид чанар стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл төр худалдан авалт хийх бүрэн боломжтой" гэлээ.

    ХХААХҮЯ-ны ЖДҮХБҮЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Захиалагчдын зүгээс зарим бүтээгдэхүүнийг худалдан авах гэсэн боловч чанарын шаардлага хангахгүй байна гэдэг. Бид хамгийн бага үнийн санал гаргасан дотоодын үйлдвэрлэгчийг сонгодог. Энэ нь тендерийн хуульд заалттай байдаг юм. Энэ хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм билээ. Хэрвээ гадныхан бага үнийн санал өгөөд, дотоод үнэтэй байсан ч дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор сонгоход төрийн албан хаагч хариуцлага хүлээх заалт байдаг. Ихэнх бизнес эрхлэгчид дотоодын үйлдвэрээсээ бараа бүтээгдэхүүн авах сонирхолтой болсон байна. Өнөөдрийн байдлаар 60 гаруй төрийн байгууллагын төлөөлөл үзэсгэлэнг сонирхсон байна. Үүнээс 30 гаруй төрийн байгууллага дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг авах сонирхлоо илэрхийлсэн байна" гэлээ.

    Хэлэлцүүлгээр бизнес эрхлэгчид жаргал зовлонгоо хуваалцав. Бид гутал хувцас, тоног төхөөрөмжөө бүрэн үйлдвэрлэж байна. 

    Төсөвт өртөгт нь багтаж байвал үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг шууд худалдан авдаг баймаар байна, бүтээгдэхүүн нийлүүлэх  гэрээт хугацааг 90-120 хоног байвал зүгээр, учир нь түүхий эдээ татах, үйлдвэрлэх нийлүүлэхэд хугацаа хэрэгтэй байдаг. Тендерийн бичиг баримт хуурамчаар бүрдүүлж өгдөг, хуурамч байгаа талаар хэлэхээр бүрдүүлсэн материал бүртгэхээс очиж шалгадаг боломжгүй гэсэн хариу хэлдэг. Урьд нь нийлүүлж байсан туршлагыг харгалзана гэдэг, тэр бүр нийлүүлж байсан туршлага байдаггүй. Харин импортын бараа сонгож байгаа тендерт урд нийлүүлсэн туршлага харгалзддаггүй. Үнэлгээний хорооны шаардлага тодорхой биш байдаг, борлуулалтын орлого 250 сая гэдэг сүүлийн хоёр жил гэсэн байдаг, дундаж байх юм уу, нийлбэр байх юм уу гэдэг нь ойлгомжгүй. Борлуулалтын орлого санал болгож байгаа үнийн дүнгээс дээш гээд хүрэхгүй бол унагаачихдаг. Дотоодод үйлдвэрлэж болох 100 гаруй нэрийн бүтээгдэхүүний жагсаалтаас худалдаж авсан эсэхийг хэн шалгах вэ. Тендерт ороход аваа өгөө байдаг. Далд байдлаар “цэцэглэсэн зүйл бий”. Далд зүйлийг олон улс яаж шийдсэн гэхээр Төрийн бус байгууллагуудтайгаа нийлээд зах зээлийн үнийг нарийн тогтоодог. Нийцтэй байвал захиалагч болон зуучлагч өөрсдөдөө урамшуулал авдаг энэ мэт тогцолцоо байх боломжтой зэргээр санал хэлэв.

    Хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ худалдан авч, дэмжин хөгжүүлэх нь аж ахуйн нэгж, иргэн бүрийн үүрэг. Иймд төрийн байгууллага бүрийг үндэсний эрх ашгийг дээдлэн дотоодын үйлдвэрээ дэмжсэн худалдан авалт хийхийг уриаллаа.

    Latest 150
    Latest 150