• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулга уулзалт болж байна
    06/07/2018

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын 2017 онд хүрсэн тохиролцоо ажил хэрэг болж, “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

    Энэхүү цуврал арга хэмжээний Эдийн засгийн чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ, Монголын тал ОХУ-тай хоёр болон гурван талын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэв. Мөн Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулах нь өнөөгийн шатны гол зорилт болж буйг онцолж, “Монгол– Орос–Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэлээ.

    Оросын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Төрийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга И.Е.Левитин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины  “Монгол-Оросын санаачилга – 2018” цуврал арга хэмжээнд зориулан илгээсэн илгээлтийг уншиж сонордуулав.

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин илгээлтдээ Орос, Монголын стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд түлхэц үзүүлэх чухал арга хэмжээ Улаанбаатар хотноо нээгдэж буйд баяр хүргээд, ОХУ-ын төр, засгийн зүгээс Орос, Монголын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэжээ.

    Мөн энэ үеэр ОХУ-ын төлөөлөгчдийг тэргүүлж буй тус улсын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров үг хэлэхдээ, Орос, Монголын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх боломжтойг тэмдэглэлээ.
    Энэхүү цуврал арга хэмжээний зорилго нь Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх, хоёр улсын төр, засгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжийг  хэлэлцэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нөгөө улсын талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэхэд оршиж байгаа юм.

    Эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан "Монгол-Орос: Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа стратегийн түншлэлийг хөгжүүлэх түлхүүр хүчин зүйл болох нь" сэдвийн дор болж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов,  ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд К.В.Молодцов нар илтгэл салбар тус бүрээр илтгэл хэлэлцүүллээ.

    Энэхүү арга хэмжээний хүрээнд худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэг, залуучууд солилцооны чиглэлийн олон арга хэмжээ зохиогдож байна. Тухайлбал, Эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаанууд 7, 8-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд, Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон Оросын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа Д.Сүхбаатарын талбайд 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд, И.Моисеевын нэрэмжит академик чуулгын тоглолт Соёлын төв өргөөнд 7, 8-ны өдрүүдэд, Фото зургийн үзэсгэлэн Соёлын төв өргөөнд 7-ны өдөр, Монгол, Оросын залуу жүдочдын нөхөрсөг тэмцээн болон залуу зохион бүтээгчдийн үзүүлэн тоглолт 8-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болох юм.

    Монгол, Оросын оролцогчдын жагсаалтыг хавсралтаас үзнэ үү.

    Хавсралт: Монгол, Орос

    Latest 150
    Latest 150