• MN
  • EN
  • CN
  • RU
  • МОНГОЛ, ОРОСЫН БАНКУУД ХАМТАРСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
    06/08/2018

    “Монгол Оросын санаачилга-2018” цуврал арга хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Арга хэмжээний хүрээнд “Монгол, Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний гуравдугаар уулзалт” өнөөдөр боллоо.

    Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, хоёр орны эдийн засаг, худалдааны түншлэлийг шинэ шатанд гаргахад юуны түрүүнд хамтран хэрэгжүүлэх боломжтой хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлох явдал юм гээд, Монгол Улсын чөлөөт бүсүүдийг түшиглэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Европын холбоо болон Япон улсын зах зээлд хөнгөлөлттэйгөөр нийлүүлэх хамтын ажиллагааны олон боломж байгааг онцоллоо.  

    Уулзалтыг Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат удирдаж, Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр Засгийн газраас дэвшүүлээд буй Гурван тулгуурт хөгжлийн бодлогын талаар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Монгол Улс дахь төсөлд суурилсан хөрөнгө оруулалтын орчин”, Шадар сайдын зөвлөх Ц.Ганболд чөлөөт бүсүүдийн хөрөнгө оруулалтын боломж, мөн зөвлөх Л.Хангай “Монгол Улс-ОХУ- БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн талаар тус тус танилцуулж илтгэл тавьсан юм.

    Шангри-Ла ззочид буудалд болсон энэхүү уулзалтын үеэр Голомт, Хаан банкууд ОХУ-ын ЭКСАР буюу Экспортын зээл, хөрөнгө оруулалтын даатгалын агентлагтай хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов.

    Мөн Хөгжлийн банк, ОХУ-ын “Внешэконом” банкны хооронд санхүүжилтийн, Худалдаа хөгжлийн банк болон Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банк хооронд “Бүх талт хамтын ажиллагааны гэрээ”,“Голомт” банк Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банк, “Ди Би Эм лизинг” ХХК “Внешэконом” банкны хооронд “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа тус тус боллоо.

    ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон: Орос, Монголын санхүү хөрөнгө оруулалтын байгууллагуудын чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд манай банк Олон улсын хөрөнгө оруулалтын банктай олон талт хамтын ажиллагааны гэрээг үзэглэв. Өмнө нь бид зөвхөн банк хоорондын тооцоо, хадгаламж, зээл, гадаад худалдааны санхүүжилт чиглэлд хамтран ажилладаг байсан бол цаашдаа хоёр улсын худалдаа эдийн засгийг дэмжих, хөгжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, сургалт явуулах гэх мэт олон талт ажлуудыг хамтарч хийхээр болж байна. Ер нь манай хоёр банк хамтарч болох бүх хүрээнд хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа” гэлээ.  

    Тус уулзалтын үр дүнд “Санхүү, хөрөнгө оруулалтын салбар дахь Монгол, Оросын хамтын ажиллагааны мэдэгдэл” гарах юм. Ингэснээр хоёр орны стратегийн түншлэлийг хөгжүүлэх, эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлийг эрчимжүүлж, харилцан ашигтай хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх байгууллагуудын хамтын ажиллагааг баталгаажуулах юм байна.

    Э.ОЮУНТЭГШ: МОНГОЛ-ОРОСЫН БИЗНЕСИЙН ХҮРЭЭГ ТЭЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

    Арга хэмжээний үеэр Монгол, Оросын бизнес уулзалтыг зохион байгуулагч МҮХАҮТ болон Оросын экспортын төвөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Хэвлэлийн хурлын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш “Энэ удаагийн арга хэмжээнд нисэх онгоцны үйлдвэрлэгч “Сухой конструкшн” компанийн төлөөлөл иргэний агаарын онгоцнуудаа танилцуулж хамтран ажиллах санал тавьсан. Сүүлийн хоёр жилд 200-гаад нисэх онгоц борлуулаад байгаа тус компанийн төлөөлөл манай улсын “МИАТ”, “Хүннү эйр”, “Айро Монголиа” компанийн удирдлагатай уулзаж нисэх онгоц нийлүүлэх, түрээслүүлэх, засварлах зэргээр цаашид хамтарч ажиллах чиглэлээ тодорхойллоо. В2В уулзалтад Оросын талаас 60 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож, өөрийн компанийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ танилцуулан, монголын компаниудтай хамтрах чиглэлд харилцан тохиролцож байна” гэлээ.

    Мөн тэрбээр, МҮХАҮТ-ын зүгээс цаашид Оросын экспортын төвтэй хамтран монгол, оросын  аж ахуйн нэгжүүд, компаниудыг холбох, хамтран ажиллах боломжоор хангах, бизнесийн хүрээг тэлэх бодлого барин ажиллах бодолтой байна” гэсэн юм.

    ОХУ-ын экспортын төвийн олон улсын харилцаа хөгжүүлэх газрын захирал А.В.Беляева: “Орос, Монголын санаачилга-2018” өргөн хүрээтэй зохиогдож байна. Арга хэмжээнээс харахад оросын компаниуд Монголын зах зээл болон монгол компаниудтай хамтарч ажиллах сонирхолтой байгаа нь илт байна. Түүнээс гадна монголчууд оросын компаниудын үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг ихээр сонирхож байгаа нь ч харагдлаа. Энэхүү уулзалтаар манай хоёр орны бизнес эрхлэгчид танилцан, Монголын зах зээлд юу сонирхолтой, ямар эрэлт байгаа, оросын зах зээлд монголын ямар бараа бүтээгдэхүүн эрэлттэй байгааг ярилцан ойлголцон танилцах нь чухал байлаа” гэлээ.

    Монгол-Оросын хөрөнгө оруулалтын танилцуулга, банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны уулзалтад 200 гаруй зочин төлөөлөгч, мөн өнөөдөр болсон хоёр талын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан ажил хэргийн уулзалтуудад Монголын талаас 300 орчим ААН-ийн төлөөлөл оролцов.

    ТӨМӨР ЗАМААР ДАМЖИН ӨНГӨРӨХ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Е.И. Дитрих нар “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр сүүлийн 10 орчим жил хоёр улсын хооронд яригдсан асуудал биеллээ олж хэрэгжиж эхэлж байна.

    Хэлэлцээр байгуулснаар манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдэлнэ.

    Энэ нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой юм.

    “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон тус улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа Д.Сүхбаатарын талбайд 2 дахь өдрөө үргэлжилж байна.

    Үзэсгэлэнд ОХУ-ын хөдөө аж ахуй, барилга, зам засвар, хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг 90 гаруй компанийн 100 шахам техник, тоног төхөөрөмж, 250 орчим төлөөлөгч үзэсгэлэн худалдаанд оролцож, дэвшилтэт тоног төхөөрөмж болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Үзэсгэлэнд дэлгэгдсэн  дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн 20 гаруй нь хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэх машин, техникүүд байгаа юм.

    Үзэсгэлэн энэ сарын 09-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

    Latest 150
    Latest 150