• MN
  • EN
  • CN
  • RU
  • БНХАУ-ын Хууль зүйн дэд сайдыг хүлээн авч уулзав
    06/11/2018

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав БНХАУ-ын Хууль зүйн яамны дэд сайд Ган Цанчун тус яамны газрын дарга Жан Жианхуа, Жао Женхуа, Юань Лян, Ли Чанли, Юао Чи болон албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтад МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын мэргэжилтэн Н.Батдорж, М.Мөнхнаран, Б.Золзаяа, арбитрч А.Доржготов, Л.Байгал, М.Уянга, Б.Батхуяг нар оролцов.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Хууль зүйн яамны дэд сайд Ган Цанчуныг Монгол Улсад айлчилж байгаад талархаад, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, Арбитрын байгууллагын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийсэн юм.

    Тэрбээр, 2018 оны 4 сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд БНХАУ-ын Хууль зүйн яам болон МҮХАҮТ-ын  арбитрын байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь бидний үйл ажиллагаа дараагийн түвшинд хүрснийг илтгэж байгаа юм. МҮХАҮТ нь Торгоны замын дагуух Танхимуудын холбооны үүсгэн байгуулагч анхны гишүүдийн нэг. 

    Монгол Улс, БНХАУ, ОХУ хооронд ойрын үед далайцтай хэрэгжих “эдийн засгийн коридор” хэмээх дэд бүтцийн бүтээн байгуулалтад 3 улсын аж ахуйн нэгж компаниуд, Засгийн газрууд харилцан оролцох бөгөөд 3 улсын арбитрууд хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ. 

    Үүний дараа Танхимын МОУҮА-ын мэргэжилтэн Н.Батдорж арбитрын үйл ажиллагааны талаар илтгэл тавилаа. 

    Өнөөдрийн байдлаар Танхимын дэргэдэх арбитрын хувьд гадаадын хөрөнгө оруулалттай маргааныг шийдвэрлэх тохиолдол гараагүй бөгөөд хуулийн этгээдэд хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг шийдвэрлэсэн тохиолдлууд байдаг байна. Мөн монгол иргэд БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотойгоор гарсан маргаан нэлээдгүй хувийг эзэлдэг аж.  Түүнчлэн эвлэрүүлэн зуучлах аргыг хөгжүүлэх талаар ажиллаж эхлээд байгаа юм.

    Уулзалтад оролцогчид хоёр улсын арбитрын үйл ажиллагааны талаар санал солилцон, сонирхсон асуултуудаа асууж, нээлттэй ярилцлаа. 

    БНХАУ-ын Хууль зүйн яамны дэд сайд Ган Цанчун, Хятадын Хууль зүйн яам болон арбитрын үйл ажиллагааны талаар танилцуулаад, энэ удаа баг бүрэлдэхүүнээр айлчилж байгаагийн гол зорилго нь Монгол Улсын Худалдааны Танхимын үйл ажиллагаа, туршлагыг сонирхож байгаа гээд, Арбитрын шүүхийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд талархал илэрхийлэв.

    Сонирхуулахад, Эдийн засаг, бизнес, худалдаа арилжаа, хөрөнгө оруулалт, ажил гүйцэтгэх, хамтран ажиллах зэрэг эцсийн үр дүн нь эдийн засгийн үр ашиг авчрах аливаа гэрээ хэлцлээс үүссэн маргааныг гэрээний талууд харилцан тохиролцон тухайн харилцааг мэргэшсэн хөндлөнгийн өөрсдийн сонгосон этгээдээр шийдвэрлүүлэх шүүхийн бус арга буюу арбитрын хэрэг хянан шийдвэрлэх арга нь дэлхий нийтэд 200 гаруй жилийн өмнө бий болжээ.

    МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр нь 1960 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улс дахь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байнгын арбитр юм. Тус арбитр нь 21 аймагт салбар арбитртай, Ази Номхон далайн орнуудын арбитрын холбооны гишүүн бөгөөд олон улсын 20 гаруй арбитрын байгууллагуудтай хамтран ажилладаг. 

    Арбитрын бүрэлдэхүүнд хууль, эдийн засаг, санхүү, уул уурхайн мэргэжлийн мэргэшсэн дотоодын 51, гадаад /ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, Хонг Конг, Польш/-ын 11, нийт 62 арбитрчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

    МОУҮА нь эдийн засаг, бизнесийн холбогдол бүхий гэрээ, хэлцлээс үүссэн маргааныг арбитрын журмаар хянан шийдвэрлэхээс гадна Монгол Улсад арбитрын үйл ажиллагааг сурталчлах, хөгжүүлэх, сургалт судалгаа явуулах, гадаад дотоодод төлөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх, арбитрын холбогдолтой ном сэтгүүл хэвлэн нийтлэх зэрэг ажиллагааг явуулдаг.

    Latest 150
    Latest 150