• MN
  • EN
  • CN
  • RU
  • Маркетингийн зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөг боллоо
    06/14/2018

    Монголын Маркетингийн Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран "Маркетингийн зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөг"-ийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.  Өдөрлөгт ММХолбооны 20 зөвлөх 200 гаруй жижиг дунд бизнесийн эздэд тулгарч буй асуудлуудад биечлэн зөвлөгөө өгч, шийдэл олоход туслав. Монгол Улсад 155 мянган ААН бүртгэлтэйгээс 87 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 77 хувь нь буюу 60  мянга нь  жижиг дунд үйлдвэрлэгчид байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид хүний нөөц, хөрөнгө санхүүгийн боломжоосоо шалтгаалан тэр бүр маркетингийн тусгайлсан нэгжтэй болж чаддаггүй. Маркетингийн холбооны зөвлөхүүд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, брэндинг, борлуулалтын стратеги, сувгийн удирдлага, мaркетингийн стратеги, практик туршлага, уламжлалт болон, сошиал медиа зар сурталчилгаа зэрэг сэдвүүдээр ЖДҮ эрхлэгчдэд зөвлөгөө өглөө.

    Монголын маркетингийн холбооны ерөнхийлөгч Ш.Алтанбагана ярихдаа “МҮХАҮТ, ММХ холбоо 2 дахь жилдээ энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Маркетингийн менежергүй, маркетингийн бүтэцгүй 200 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчдэд зөвлөгөө өглөө. Борлуулалтыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ зах зээлд таниулах талаар хамгийн их сонирхож байна. Цаашид ММХолбоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ арга хэмжээний давтамжийг өсгөх, орон нутаг руу чиглэх зэрэгт анхаарах болно” гэв. 

    Зөвлөгөө аваад гарч буй жижиг дунд үйлдвэрлэгчдээс санал сэтгэгдлийг нь асуулаа. 

    Индэрт кашимер н.Цэвэлмаа Манайх ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үндэсний томоохон үйлдвэрлэгч компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаад гэрээ дууссан. Ажлаа чанартай сайн хийгээд  борлуулалтдаа санаа зовдоггүй байлаа. Гэрээ дууссанаар бидэнд бэрхшээл гарч ирсэн, бие дааж ажиллах болсон. Маркетингийн зөвлөгөө өгөх уулзалтад оролцоод 2-3 санаа төрлөө, тулгамдаж буй асуудалд гаргалгаа гаргаж өглөө. 

    н.Одмаа  Хүүхдийн хувцасны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэсэн. Одоогоор өөрсдөө үйлдвэрлэдэггүй, импортын бүтээгдэхүүн борлуулж байна. Бараа бүтээгдэхүүнээ хэрхэн таниулах, борлуулах, юунд анхаарах талаар зөвлөгөө авлаа. Миний хувьд цагаа олсон үйл явдал боллоо. Энэ арга хэмжээнд оролцож зөвлөгөө авсандаа баяртай байна.

    н.Нарантунгалаг Оёдол, гар урлалын үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг. 2000 оноос гэрээрээ гар урлалын үйлдвэрлэл явуулж эхлэсэн. Зах худалдааны төвүүдээр борлуулалт хийж, хувь хүмүүсээс захиалга авдаг. Болоод байгаа юм шиг хэрнээ болохгүй асуудал их байна. Их хэмжээгээр түүхий эдээ татаж авч чаддаггүй, мөн их хэмжээгээр борлуулж чаддаггүй. Наадам, цагаан сараар илүү борлуулалттай байдаг. Бага хэмжээгээр борлуулж заримыг нь эргэлтэнд заримыг нь ахуй амьдралдаа зарцуулдаг.  Маркетингийн зөвлөх надад шүрээр хэлхэж хийдэг машины руль, утасны дугаар зэрэгт илүү анхаарч хажуугаар нь дагалдах чимэглэл хийхийг зөвлөсөн.

    н.Наранбадрал Манайх тэмээний ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нилээдгүй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Харин зөвлөх маань хоёр төрлийн бүтээгдэхүүндээ төвлөрөх хэрэгтэй гэж зөвлөсөн. Нэг төрлийн бүтээгдэхүүн нь үнэ өртөг боломжийн нийтэд зориулсан байхад нөгөө нь өндөр үнэтэй давтагдашгүй загвартай байх жишээтэй. Ер нь бусад ноос ноолууран бүтээгдэхүүнээс юугаараа ялгарах гэдгээ бодох ёстой юм байна. Цаашдаа  ийм зөвлөгөө өгөх арга хэмжээнд тогтмол оролцож мэдээлэл авч байх нь  зөв санагдлаа. 

    н.Амаржаргал “Веллтресс” компаниас оролцож байна. Зөөлөн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа пальто үйлдвэрлээд 8 жил болж байна. Жижиг дунд үйлдвэрлэл гэдгээрээ хэн хүнгүй  бүх зүйлдээ оролцоод явдаг. Маркетингийг тухайлан хариуцаж ажилладаг хүмүүс байдаггүй учраас бидэнд зөвлөгөө хэрэгтэй байдаг. Үнэ цэнэтэй зөвлөгөө авч, тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадлаа.

    Latest 150
    Latest 150