• MN
  • EN
  • CN
  • RU
  • Дотооддоо сав, баглаа, боодол үйлдвэрлэгчдэд итгэх цаг болсныг сануулав
    06/20/2018

    Монгол Улс жилдээ 330 гаруй тэрбум төгрөгийн сав баглаа боодлын бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаас 70 хувь буюу 230 гаруй тэрбумын бүтээгдэхүүнийг импортоор авч байна. Нэг үеэ бодоход дотоодод үйлдвэрлэгдэж буй энэ төрлийн бүтээгдэхүүний төрөл, өнгө, үзэмж, чанар сайжирсан тул үндэсний үйлдвэрлэгчид аль болох дотоодоосоо авч ашиглах цаг болсныг өнөөдөр МҮХАҮТ-д болсон “Сав, баглаа, боодлын үйлдвэрлэл, хэрэглээ, экспортын боломж” сургалт, хэлэлцүүлгийн үеэр хөндлөө.

    Уг хэлэлцүүлгийг Дэлхийн банкны экспортыг дэмжих төслийн санхүүжилтээр ХХААХҮЯ, МҮХАҮТ-ын дэргэдэх Сав, баглаа, боодлын зөвлөл хамтран зохион байгуулж, дотоодын үйлдвэрлэгч компаниудын төлөөллүүд оролцлоо. 

    Хэлэлцүүлэг сургалтын үеэр Сав баглаа боодлын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ХХААХҮЯ-ны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох мэдээлэл өглөө. Мөн МҮХАҮТ-ын дэргэдэх Сав, баглаа, боодлын зөвлөлийн дарга Ж.Отгонбаяр салбарын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, экспортлох боломжуудаас танилцуулав.

    Тэрбээр сав баглаа боодлын талаарх уламжлалт ойлголт өөрчлөгдөж байгааг тэмдэглээд өмнө нь бараа бүтээгдэхүүнийг зөвхөн хадгалах, хамгаалах зорилготой байсан энэ төрлийн бүтээгдэхүүнүүд одоо тухайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, брэндийг хөгжүүлэх, сав баглаа боодлоор дамжуулан худалдан авагчдад боловсрол олгох, чанарын баталгааг илтгэж буй зах зээлийн салшгүй хэсэг болсныг онцоллоо. 

    Сав баглаа боодол нь тухайн улсынхаа үйлдвэрлэлийг дагаж хөгждөг. Одоогоор хүнсний болон уул уурхай, барилгын салбарт энэ төрлийн хэрэгцээ өсч байгаа ч дотоодын бүтээгдэхүүнээ сонгох, захиалах, хамтдаа хөгжих тал дээр учир дутагдалтай байгааг салбарынхан учирлаж байв. Мөн төр засгийн зүгээс ч дэмжлэг хэрэгтэй байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэллээ. Хэдийгээр экспортын баримжаатай сав баглаа боодлыг дэмжих төслүүд хэрэгжиж байгаа ч дотоодын зах зээлээ хамгаалах, импортын бүтээгдэхүүнийг хязгаарлах чиглэлд илүү анхаарах шаардлагатай аж. 

    Энэ үеэр яригдсан бас нэг чухал асуудал бол зориулалтын бус сав суулганы хэрэглээ бөгөөд хүнсний зориулалтын бус хуванцар сав хүн ардын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц хэмжээнд байгааг онцолж, ахиц дэвшил гаргахын тулд хил гаалийн хязгаарлалт, мэргэжлийн хяналтын байгууллагууд, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа чухал байгаа гэдэгт хэлэлцүүлэгт оролцогсод санал нэгдлээ.

    Latest 150
    Latest 150