• MN
  • EN
  • CN
  • RU
  • Б.Лхагважав: Монгол, Японы бизнес эрхлэгчдэд давуу эрхтэй гэрээг таниулах, сурталчлах хэрэгтэй байна
    06/22/2018

    Монгол Улсын хувьд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон Улстай 2014 оны 7 дугаар сард тохиролцоонд хүрч, өнөөгийн байдлаар хэрэгжиж эхлээд 2 жил болж байна. 

    Энэ хугацаанд цөөнгүй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Япон Улс руу татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр гарч байгаа бөгөөд цаашид экспортлохыг хүсэгчдэд тавигдах шаардлага, ложистик, гарал үүслийн гэрчилгээ зэргийн талаар зөвлөгөө өгөх семинар өнөөдөр МҮХАҮТ-д боллоо. 

    “Монголын бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд экспортлоход дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт семинарын үеэр “Монос” групп, “Ноосон зангилаа” хоршоо, “Сноу Филдс” ХХК зэрэг ААН-ийн төлөөлөл өөрсдийн туршлагаас хуваалцаж, цаашид Японы зах зээлд гарахад ямар бэрхшээл асуудлууд тулгардаг талаар бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өглөө. 

    Семинарын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт элчин сайд Масато Такаока нараас Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар тодрууллаа. 

    - Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ямар бэрхшээлүүд гарч байв, үүнийг хэрхэн даван туулсан вэ?

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав:

    - Япон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ гаргана гэдэг нь Япон хэрэглэгчдийн таашаалд нийцэх, Япон Улсын чанар стандартыг хангах нь чухал юм. Манайхаас 5000 гаруй бараа бүтээгдэхүүндээ гаалийн чөлөөлөлт авч байгаа боловч, стандартыг хангах асуудалд анхаарах зүйл байгаа нь харагддаг. Өнөөдрийн семинарын гол зорилго нь Япон Улсын зах зээлд бараа бүтээгдэхүүн гаргаж байгаа компаниудын туршлагыг жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст сурталчлахад илүүтэй ач холбогдол өгч байна. 

    Эдийн засгийн түншлэлийн гэрээгээр хийгдсэн таатай нөхцөлийг Монголын бизнес эрхлэгч хүртэхэд цаг хугацаа, технологи хэрэгтэй юм. Мөн Японд бараа бүтээгдэхүүн гаргах компаниудын менежмент, засаглал сайжруулах ёстой гэдэгт талаар хоёр талууд санал нэгдэж байгаа. 

    Хоёр улс нийтдээ 145 сая ам. долларын борлуулалт хийсэн бөгөөд үүний 3,7 сая ам.доллар нь Монголоос, 142 сая ам. доллар нь Японоос Монгол руу экспортолсон. 

    - Эдийн засгийн түншлэл хэлэлцээрт хөнгөлөлт, чөлөөлөлтийг тодорхой хэмжээнд гаргах боломж байгаа хэр нь үүнийг нь тодорхойлон зааж өгөөгүйгээс татвар болон гаалийн чөлөөлөлт эдэлж чадахгүй байна гэсэн бэрхшээл бий. Үүнийг эргэн хэлэлцээрт тусгаж өгөх боломж бий юу?  
    - Энэ хэлэлцээрийн үйл явц 2014 оноос 6 жилийн хугацаанд хийгдэнэ. Уг хэлэлцээрт Японы тал сайн ажилласан. Японоос орж ирж байгаа 7300 барааны нэр төрөл бүтээгдэхүүн бий. Монголын талаас 5300 бүтээгдэхүүн байгаа боловч, үүнд ажилласан Монголын талын судалгааны ажил дутуу хийгдсэнээс болж зарим үйл явц удааширсан. Гэхдээ үүнийг залруулах, нэмэлт өөрчлөлтөд тусгах үйл явц хийгдэж байна. Нэгэнт хийгдсэн гэрээг тэр бүр өөрчлөөд байж болдоггүй. Тиймээс манай талаас Танхим, Гадаад Харилцааны Яам болон бусад холбогдох газрууд  судалгааны ажлуудыг хийх ёстой гэж би хувьдаа үздэг. 

    - Хэдий хугацаанд хэлэлцээрийн үр дүнгийн талаар дүгнэх боломжтой болох вэ?

    - Хийгдэх үйл явц нь 6 жил үргэлжилнэ. Одоогийн байдлаар эхлэлийн хэсэгтээ байна гэж хэлж болно. Хамгийн гол нь түншлэлийн гэрээг хийсэн нь давуу эрх юм. Гол нь Япон, Монголын бизнес эрхлэгчдэд давуу эрхтэй энэхүү гэрээг таниулах, сурталчлах хэрэгтэй байгаа юм. Саяхан би Японд ажиллаж байхад Японы ажил хэрэгч хүмүүс энэ давуу эрхтэй гэрээний талаар мэдээлэл муутай болох нь анзаарагдсан. Мөн Монголд муу байна.

    -Монголын бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийцүүлэхийг тулд урт хугацаа хэрэгтэй, Монголын талын бэлтгэл муугаас зарим нэр төрлийн бүтээгдэхүүн очоод гаалийн хөнгөлөлт авч чадахгүй байгаа асуудлыг хурдан шийдэх ямар нэг арга бий юу?

    Япон Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт элчин сайд Масато Такаока:

    - Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болоод 2 жил боллоо. Монголоос Япон руу, Японоос Монгол руу чиглэсэн гадаад худалдааны үзүүлэлтүүд нэлээд өсөж байна. Гэхдээ би үүнийг зөвхөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийснээр гарч байгаа үр дүн гэж хэлмээргүй байна. 

    Япон-Монгол Улсын хооронд хийгдсэн эдийн засгийн хэлэлцээрээс Монгол Улс бусад оронтой байгуулах хэлэлцээрүүддээ илүү туршлагатай болно гэж бодож байна. Эхлээд зах зээлээ сайтар мэдэх хэрэгтэй. Тухайн зах зээлд амжилт гаргахын тулд бараа бүтээгдэхүүний үнэ, тухайн орны хүмүүсийн дур сонирхолд нийцсэн, чанартай бүтээгдэхүүнийг гаргах нь чухал юм. 

    Гаалийн татварын тухайд зарим бараа бүтээгдэхүүн хөнгөлөгдөж, зарим нь хамрагдахгүй байна гэсэн яриа гардаг. Эдийн засгийн түншлэлд багтсан бараа бүтээгдэхүүний чөлөөлөгдөх, хөнгөлөгдөхийн тулд хоёр улсын төлөөллүүд маш удаан хугацаанд нэг бүрчлэн судалж хэлэлцээр оруулсан. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн агуулгыг тогтмол сайжруулах юм. Цаашид ч ажиллах шаардлага гарна. 

    -Гадаад худалдааны тэнцлээ тэнцвэржүүлэхэд Японы талаас хэрхэн ажиллах вэ?

    -Худалдааны тэнцлийг хоёр орны тухайд тэнцвэртэй байлгах талд хүчин чармайлалт гаргаж байгаа. Зах зээлийн хүрээ өөр болохоор бэрхшээлтэй асуудлууд гарч байгаа. Монголын худалдааны үзүүлэлт бага нь үнэн. Тиймээс өнөөдрийн семинарыг зохион байгуулж байна. Монголын аж ахуйн нэгж Японы зах зээлд гарахад ямар бэрхшээл байна, ямар туршлага хэрэгтэй, юунд анхаарах гэдгийг нэг бүрчлэн ярилцаж, ойлголцох зорилготой. 

    Latest 150
    Latest 150