• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бизнесийн орчин 2018 онд илүү сайжирна гэсэн хүлээлттэй байна
    06/28/2018

    МҮХАҮТ-аас 17 дахь жилдээ явуулж буй “Бизнесийн итгэлийн индекс” судалгааны 2017 оны дүн гарсныг мэдээлж, Танхимын орлогч дарга М.Сарандаваа, Бодлого, судалгаа, хөгжлийн газрын дарга Ж.Оюунчимэг нар өнөөдөр танилцуулга хийлээ. 

    Бизнес итгэлийн индекс нь тухайн жилийн бизнесийн орчны ерөнхий төлөв байдал, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого, макро эдийн засгийн үндсэн асуудлуудын талаар бизнес эрхлэгчид, иргэдийн байр суурь, цаашид  хэрхэн өөрчлөгдөх талаарх хүлээлт, бизнесийн орчинд таатай, таагүй нөлөө үзүүлж буй хүчин зүйлс, тулгамдаж буй асуудлууд зэрэг чухал үзүүлэлтүүдээр судалгаанд оролцогчдын саналыг тоймлон Бизнесийн орчинд итгэх итгэлийг үнэлэн гаргахыг зорьдог судалгаа юм.

    Судалгаанд нийслэл, орон нутгийн 934 бизнес эрхлэгчийг түүврээр сонгон саналын хуудсаар болон онлайн санал  хураалтад хамруулжээ. 

    Өнгөрөгч оны судалгаа анх удаа олон улсын аргачлалын дагуу дүгнэгдсэнээрээ онцлогтой бөгөөд бизнесийн орчин, ашиг орлого, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн 4 үзүүлэлтээр оролцогчдын эерэг болон сөрөг хариултын зөрүүгээр бизнесийн итгэлийн индексийг тооцон гаргасан байна. 

    Сүүлийн 5 жилийн индексийг тооцоход 2017 онд өнөөгийн байдлын бизнес итгэлийн индекс нь -0,32 гэсэн дүнтэй гарсан бөгөөд энэ нь 2012 оноос хойш өмнөх онуудаас хамгийн сайн үзүүлэлт болж байгаа аж. Харин бизнесийн орчин сайжирна гэсэн бизнес эрхлэгчдийн хүлээлт сүүлийн 4 жилд дунджаар 37 хувь байсан бол энэ жил 58 хувь болж, сүүлийн 5 жилээс 2018 оныг бизнест хамгийн эерэг жил байх болно хэмээсэн хүлээлт үүссэн байна. 

    2017 онд Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр хэрэгжүүлснээр гадаад зах зээл дэх өрийг дахин санхүүжүүлэн, улс төр, эдийн засаг бизнесийн таатай орчин бүрдүүллээ гэж үзжээ. Мөн экспортын гол түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өндөр түвшинд хадгалагдан гадаад зах зээлийн таатай нөхцөл бүрдсэн, зах зээлд оролцогчдын итгэл нэмэгдсэн шалтгаанууд нь бизнесийн орчны үнэлгээ нэмэгдэхэд нөлөөлжээ.

    Хөрөнгө оруулалтын хувьд 2017 онд бизнес эрхлэгчдийн бизнест оруулж буй хөрөнгө оруулалт өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэн, 2018 онд хөрөнгө оруулалт хийх хүлээлт өмнөх оноос 19 нэгж хувиар өсжээ. Түүнчлэн 2017 онд ажилгүйдэл, инфляцын түвшин өссөн гэж үзсэн бол ядуурлын түвшин тодорхой хэмжээнд буурч байна гэж дүгнэжээ. Харин 2018 онд инфляцын түвшин буурч, илүү олон ажлын байр бий болж, ядуурлын түвшин ч тодорхой хэмжээгээр буурна гэж бизнес эрхлэгчид хүлээж байна.

    Latest 150
    Latest 150