• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны форум эхэллээ
    07/04/2018

    Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт “Соrporate Convention Center”-ийн Их танхимд боллоо. Энэ удаагийн чуулга уулзалт “Инновацид суурилсан хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтдаа хөгжих нь” сэдвийн хүрээнд явагдаж байна. 

    Тус арга хэмжээний хүрээнд Монголын талаас 110 гаруй аж ахуйн нэгж ӨМӨЗО-ны 12 аймаг, хотын хүнс, хөдөө аж ахуй, ашигт малтмал, тоног төхөөрөмж, эрүүл мэнд, гадаад худалдаа, тээвэр зууч, барилга, байгаль орчны салбарын төлөөллүүд оролцож байна.

    Чуулга уулзалтыг нээж, Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, "БНХАУ-тай найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл билээ. Энэ бодлогын хүрээнд ӨМӨЗО-тай худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхийг зорьдог. Монгол, Хятадын худалдааны 60 гаруй хувийг ӨМӨЗО-тай хийдэг худалдаа бүрдүүлдэг. Манай Засгийн газар Хятад улстай хийж буй худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорьж байна” гэв. 

    Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2017 онд 5,2 хувьд хүрсэн бол гадаад худалдааны эргэлт сүүлийн 2 жил тогтвортой өсөж, 2018 оны эхний улирлын байдлаар 25,9 хувиар өссөн дүн гарчээ. Мөн Улсын төсвийн орлогын бүрдэлт, гадаад валютын нөөц, инфляцын түвшинд эерэг өөрчлөлтүүд гарсаар байгаа юм. 

    Чуулга уулзалтыг ГХЯ, Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ,  ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, ӨМӨЗО-ны Худалдааны танхим, Өвөрмонголын бизнесийн ерөнхий хороо хамтран зохион байгуулж байна.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, "МҮХАҮТ-ын зүгээс бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны боломжуудыг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын Худалдааг дэмжих байгууллагуудтай нягт хамтран ажилладаг.

    Монгол Улсын Ерөнхий сайдын энэ оны 4 дүгээр сард хийсэн айлчлалын үеэр Монгол, Хятадын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулж, чуулга уулзалтын үеэр нийт 4,6 тэрбум ам. доллартай тэнцэхүйц үнийн дүн бүхий 35 хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. 

    Өнөөдрийн арга хэмжээнд ӨМӨЗО-ны бизнес эрхлэгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа нь Өвөрмонголын бизнес эрхлэгчид монголын бизнес эрхлэгчид хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх хүсэлтэйг илтгэж байна” гэлээ.

    Арга хэмжээний үеэр хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны нийт 12 гэрээнд үсэг зурсан юм. Тухайлбал, “Дэвшилтэд технологи инновацийг судлан нэвтрүүлэх төв”, ӨМӨЗО-ны “Хуа Шюнь софтвэйр” ХХК-тай стратегийн хамтын ажиллагааны 10 сая.ам.долларын хэлэлцээр, “Шинэ зуун айл маркет” компани Улаанбаатар хотод хятад барааны дэлгүүр, барилгын материалын логистик парк байгуулахаар  “Өвөрмонголын Яодун худалдаа” ХХК-тай, “Эморс констракшн” компани “Эрээн хотын Чаншөн олон улсын тээвэр зууч” ХХК-тай  Чаншөн олон улсын үйлдвэрлэл логистикийн чөлөөт худалдааны бүс байгуулах тухай тус тус хэлэлцээ хийв. 

    Мөн Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, аялал жуулчлал, зам тээвэр, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх төслүүдийн талаар холбогдох яамд танилцуулга хийлээ.

    Чуулга уулзалтын төгсгөлд B2B уулзалт болох бөгөөд Монголын талаас 160 гаруй компани, ӨМӨЗО-ны 88 аж ахуйн нэгжийн төлөөлөл хамтран ажиллах түншээ сонгох, бараа бүтээгдэхүүний танилцуулгаа хийх юм.

    Түүнчлэн арга хэмжээний хүрээнд “Өвөрмонголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн” 7 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах бөгөөд үзэсгэлэнд ӨМӨЗО-ны хот, аймгуудын нийт 105 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, бараа бүтээгдэхүүнээ дэлгэнэ.

    Latest 150
    Latest 150