• MN
  • EN
  • CN
  • RU
  • Онцлох аж ахуй нэгжийн ээлжит аялал “М-Си-Эс Кока-Кола” компанид боллоо
    07/06/2018

    МҮХАҮТ-ын онцлох аж ахуй нэгжийн ээлжит аялал “М-Си-Эс Кока-Кола” компанид болж 12 аж ахуй нэгж компанийн 28 албан хаагч, мэргэжилтнүүд оролцлоо.

    МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваагаар ахлуулсан аяллын баг тус компанийн оюутан залууст зориулж үйл ажиллагаа явуулдаг Happiness Center-ээс эхэлж Баянзүрх дүүрэг дэх “М-Си-Эс Кока-Кола” компанийн ундаа усны үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүний агуулах, хаягдал ус цэвэршүүлэх байгууламж, Кока-Кола музейгээр үргэлжилсэн юм.

    М-Си-Эс Групп 2001 онд Кока-Кола Компанийн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэн, борлуулах албан ёсны онцгой эрхийг авснаар “М-Си-Эс Кока-Кола” компани байгуулагджээ.

    Байгуулагдсан цагаасаа хойш төлсөн татвар, борлуулалтын орлого, нийгмийн хариуцлага, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл болон ажиллагсдын тоо зэргээрээ тэргүүлсээр Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран шалгаруулсан ТОП-100 аж ахуйн нэгжээр тодорсон байна. 

    Түүнчлэн: 

    2010 онд ISO 9001:2008 Чанарын удирдлагын тогтолцоо

    ISO 22000:2005 Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо 

    2013 онд OHSAS 18001:2007 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо

    ISO 14001:2004 Байгаль орчны удирдлагын тогтолцоо стандартуудыг нэвтрүүлэн, хэрэгжүүлж олон улсын ISO баталгаажуулалтын эрх бүхий SGS аудитын байгууллагын хяналт, шалгалтаар жил бүр баталгаажуулан ажиллаж байгаа ба 

    2018 оны байдлаар:
    ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо

    ISO 14001:2015 Байгаль орчны удирдлагын тогтолцоо

    FSSC 22000v4 Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоонуудын шинэчлэсэн хувилбаруудыг нэвтрүүлэн үйл ажиллагаагаа баталгаажуулан ажилласан байна.

    Хоногт 1 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ундаа усны тус үйлдвэр нь Coca-Cola, Coke Zero, Sprite, Fanta, Fuze tea, Minute Maid, Bonaqua зэрэг 9 брэндийн 120 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 15,000 гаруй харилцагчдаа түгээдэг. Нэг дор 1.2 сая авдар бэлэн бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай 15,840 кв.м талбай бүхий агуулахтай.

    Томоохон үйлдвэрийн газрууд, аж ахуй нэгж нийгмийн хариуцлагын үүргээ биелүүлэх үүднээс үйлдвэрийн хаягдлыг багасгах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг болжээ. Аяллын бүрэлдэхүүн биологийн идэвхит лаг болон MBR технологиор цэвэршүүлэлт хийхээр суурилуулсан хаягдал ус цэвэрлэх байгууламжтай танилцав. Хоногт 2000 тонн үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх хүчин чадалтай. Тус байгууламжаас цэвэрлэгдэн гарсан ус нь Хүрээлэн буй орчинд нийлүүлэх Хаягдал усны стандарт болох MNS 4943:2015 стандартыг хангасан бөгөөд энэ усаар нийслэл хотын ногоон байгууламжийн усалгаа, төв талбай болон замын цэвэрлэгээ, зүүн бүсийн ойн хээрийн болон томоохон обьектын гал түймэр унтраахад нийлүүлдэг төдийгүй өөрсдийн түгээлтийн машинуудын угаалга цэвэрлэгээ болон суултуурын ус, ногоон байгууламжийн усалгаанд ашиглан цэвэр усны нөөцийг хэмнэж байна.

    М-Си-Эс Кока-Кола компани Монгол Улсад анх удаа Хөлбөмбөгийн дэлхийн аваргын цомыг аялуулан Монголын ард түмэндээ хамгийн анх удаа цомыг өөрийн нүдээр үзэх, цомтой хамт дурсгалын зураг татуулах, түүхэн бичигдэх алтан боломжийг олгосон байна.

    Мөн тус компани нь 2006 оноос хойш сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулсан байна. Гудамжны хэмээн нэрлэгдэж байсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Спрайт брэнд анх дэмжиж, Монголд үүсч хөгжих нөхцөлийг бүрдүүлж байсан бөгөөд өнөөдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо дэлхийд чансаагаараа 5-т бичигдэж, Азийн аварга, Дэлхийн аваргын шилдэг найман багийн нэг хэмээх хүндтэй алдрыг хүртэхэд тулгуур болж, үнэтэй хувь нэмэр оруулсныг Олон нийт мэдээлэл харилцааны менежер Ш.Отгонцэцэг ярьлаа.

    Аяллын төгсгөлд “М-Си-Эс Кока-Кола” компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав МҮХАҮТ-ын албан хаагчид болон компаниудын төлөөллийг хүлээн авч уулзан компанийн алсын хараа, бизнесийн стратегийн талаар яриа өрнүүлж тэдний сонирхсон асуултанд хариулав.

    Latest 150
    Latest 150