• MN
  • EN
  • CN
  • RU
  • Засгийн газар МҮХАҮТ хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав
    07/06/2018

    Бизнесийн тогтвортой нөхцлийг бүрдүүлэх, хууль эрхзүйн орчинг таатай болгох төр, хувийн хэвшлийн хэлцэл, түншлэлийг хөгжүүлэх, уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газар, МҮХАҮТ өнөөдөр харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.

    Бизнесийн хууль, эрхзүйг сайжруулах, төр, хувийн хэвшлийн харилцааг шинэ түвшинд гаргах, Бизнесийн орчны судалгааны тайлан, мэдээлэл солилцох тухай тусгасан тус Санамж бичигт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав нар гарын үсэг зурлаа.

    “Эдийн засгаа хөгжүүлж, иргэдийн ахуй амьдралыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэн ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Засгийн газар ажил олгогч, баялаг бүтээгчдээ дэмжинэ. Бизнесийн орчинтой холбоотой хууль, тогтоомж, бодлого, шийдвэр гаргахдаа бизнес эрхлэгч, ажил олгогч, баялаг бүтээгчдийн саналыг авч байх болно” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэв.

    МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав “Бид бизнес эрхлэгчдийнхээ санал, бодлыг нэгтгэн Засгийн газарт уламжилна. Мөн бизнесийн орчныг үнэлэх, асуудал бэрхшээл, гарцыг тодорхойлох томоохон судалгаа, мэдээллээр төр, засгийг хангах болно. Цаашид макро эдийн засгийн гол зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр урт, удаан хугацаанд тогтвортой хамтран ажиллах юм. Монгол Улсын Худалдааны бодлогыг дүгнэж, Аж үйлдвэрийн бодлогыг боловсруулах тал дээр Танхим идэвхийлэн ажиллаж байгаа” гэлээ.

    Засгийн газар бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хууль, эрхзүйн тогтвортой байдал, тааламжтай орчинг бүрдүүлэхийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон ажиллаж байна. Энэ хүрээнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, зөвлөлийн дэргэд “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г ажиллуулж эхэлсэн. Энэ хороог бизнес эрхлэгчдийн талаас МҮХАҮТ удирдаж байгаа юм.

    МҮХАҮТ-ын дэргэд салбар тус бүрээр бодлогын 31 зөвлөл ажиллаж, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодод тулгарч буй асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх санаа оноогоо нэгтгэж Танхимаар дамжуулан төр, засгийн бодлого шийдвэрт тусгуулах хэлбэрээр ажилладаг. Цаашид энэхүү Санамж бичгийн хүрээнд  зөвлөлүүдийн үйл ажиллагаа, хамрах хүрээг улам нэмэгдүүлэх аж.

    МҮХАҮТ нь 21 аймагт салбартай, 25 оронд төлөөлөгчтэй, 100 гаруй орны 126 байгууллагатай хамтран ажилладаг, 3400 гаруй аж ахуйн нэгж гишүүнтэй. Танхим энэ онд УИХ-ын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг 13 байгууллага, гадаадын худалдааг дэмжих 28 байгууллагатай хамтран ажиллах Санамж бичиг байгуулаад байна.

    Latest 150
    Latest 150