• MN
  • EN
  • CN
  • RU
  • ӨМӨЗО-ны худалдаа эдийн засгийн чуулган, үзэсгэлэн яармаг зохиогдов
    07/06/2018

    МҮХАҮТ, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Хятадын Олон улсын Худалдааны Хороо, ӨМӨЗО-ны  Худалдааг дэмжих хороо  хамтран ӨМӨЗО-ны худалдаа эдийн засгийн форумыг гурав дахь удаагаа  зохион байгууллаа.  

    Чуулганыг нээж МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа хэлэхдээ “Энэ удаагийн худалдаа эдийн чуулган, үзэсгэлэн худалдаанд ӨМӨЗО-ны 12 аймгаас 260 гаруй компанийн төлөөлөл оролцож байна. 2017 онд ӨМӨЗО-оос манай улс руу чиглэсэн хөрөнгө оруулалт 1,4 тэрбум ам.долларт хүрчээ. Түүнчлэн өнгөрөгч  4 дүгээр сард Бээжин хотноо зохиогдсон бизнес чуулганы үеэр 6,4 тэрбум ам.долларын 54 гэрээ байгуулагдсан билээ. Энэхүү хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээрүүд  нь Орос Монгол Хятад гурван улсын эдийн засгийн коридор, “Нэг бүс нэг зам” санаачлагыг хэрэгжүүлэхэд нэг алхам болж байна” хэмээн тэмдэглэлээ.  

    Харин ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй Хун “Нэг бүс нэг зам” хамтын ажиллагааг урагшлуулах, Хятадын “Торгоны зам”-ыг Монголын “Тал нутгийн зам”-тай уялдуулах, Хятад Монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ӨМӨЗО-ны худалдаа эдийн засгийн гурав дахь чуулган үр өгөөжөө өгөх  болтугай гэлээ.

    Чуулганаар хоёр орны  бизнес эрхлэгчид төслийн танилцуулгаа хийж ганцаарчилсан В2В уулзалтуудыг зохион байгуулав. 

    Бизнес чуулганы үеэр хоёр орны 12 аж ахуйн нэгж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

    Түүнчлэн хоёр орны худалдаа эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны удирдлагуудад Танхимын дээд шагнал Хийморь одон болон Танхимын Хүндэт жуух, Хүндэт өргөмжлөл гардууллаа.

    Мөн хоёр талын Танхимын удирдлагууд ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулав. Энэ үеэр Ордос болон Хөлөнбуйр, Хөххотод ирэх 9 дүгээр сард зохион байгуулагдах үзэсгэлэн арга хэмжээний мэдээллийг хүргэж, хамтын ажиллагааны хүрээнд аялал жуулчлалын салбарт АТА карней хэрэгжүүлэхэд анхаарал хандуулахыг хүсэв. 

    ӨМӨЗО-ны худалдаа эдийн засгийн гурав дахь чуулганы хүрээнд зохион байгуулагдаж буй нэг томоохон арга хэмжээ нь “Өвөрмонголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн юм. Үзэсгэлэнг МҮХАҮТ,  ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Хятадын Олон улсын худалдааны хороо, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо хамтран зохион байгуулж байна. Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдолтой энэхүү үзэсгэлэнд   ӨМӨЗО-ны Хөххот, Бугат, Хянган  аймаг, Альша аймаг, Шилийн гол аймаг, Ордос хот, Улаан хад, Улаан цав, Хөлөнбуйр, Баяннуур, Тон Ляо, У Хай  зэрэг хотын аж ахуйн нэгжүүд  машин тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, гэр ахуйн  бараа, хувцас, органик хүнсний бүтээгдэхүүн, барилга болон химийн материал, байгаль орчныг хамгаалах бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн, соёлын болон үндэсний онцлог бүхий 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулж байна.   Үзэсгэлэн 7 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд үргэлжилнэ.

    Latest 150
    Latest 150