• MN
  • EN
  • CN
  • RU
  • Б.Батзориг: 2020 он хүртэлх 900 хоногт бид их зүйлийг хийнэ
    07/25/2018

    Монгол Улсын Засгийн газар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг гурван тулгуурт хөгжлийн суурь салбар гэж чухалчлан үзэх болсон. Гурван тулгуурт хөгжлийн бодлоготой холбогдуулан ХХААХҮЯ-ны сайд Б.Батзоригтой ярилцлаа.

    - Монгол Улсын Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталлаа. Энэхүү бодлого зорилтын тэргүүн эгнээнд хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар багтаж байна, хамгийн гол хийгдэх зүйл юу вэ?

    - Юуны өмнө гурван тулгуурт хөгжлийн бодлого нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг гэдгийг хэлэх хэрэгтэй. Засгийн газар Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, монголын баялаг гэж тодорхойлсон. Тиймээс “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байна.

    Тиймээс хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж эрүүл аюулгүй хүнсээр иргэдээ хангах бодлого баримтлаж байна. Хөдөө аж ахуйн салбарт хувьсгал хэрэгтэй. Тэр нь хөгжлийн хувьсгал байх ёстой. Энэ ч утгаараа ХАА-н боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болохыг зорьж байна. “Аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгал”-ыг эхлүүлнэ гэж хөгжлийн бодлогодоо тусгасан. Эдгээр зорилтыг бүрэн биелүүлэхийн тулд 2020 он хүртэлх 900 хоногт манай яам маш эрчимтэй ажиллаж байна.

    - Манай улсын хөдөө аж ахуйн салбар нь эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Энэхүү салбарыг удирдаж байгаа сайдын хувьд цаашид ямар онцлох бодлого хэрэгжүүлэх вэ?

    - Засгийн газраас Монгол Улсын тэргүүлэх салбарыг хөдөө аж ахуйн салбар хэмээн зарласан. Манай салбарын барьж байгаа гол бодлого нь эрчимжсэн мал аж ахуйн зонхилсон, газар тариалангийн бүс нутаг нь хот суурин газраа түшиглэж, хөнгөн хүнсний үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуйгаа сэргээж хөгжүүлсэн гурван сая гаруй иргэнээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангасан, экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйг хөгжүүлэх явдал юм.

    66 сая толгой малаа, хөдөө аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүнээ чанаржуулаад нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортлох нь манай яамны гол зорилго. Монголын зах зээл маш жижиг. Гурван сая хүн амтай зах зээлд малчид хөрөнгөжих боломж бараг байхгүй. Тиймээс экспорт хийж байж л бид илүү ихийг олж чадна. Тэрбум гаруй хүн амтай Хятад улс, хойд талд 150 гаруй сая хүн амтай ОХУ байна. Энэ хоёр улс руу нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргавал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өснө, иргэд малчид орлоготой болно. Мөн ажлын байр хөтөлбөрийг Засгийн газраар батлуулаад байна. Тухайлбал, Монгол ноолуур хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэнэ. Жилдээ бид 27 сая ямаанаас 9400 тн ноолуур авч байна. Харамсалтай нь 90 хувийг нь угаасан болоод түүхийгээр нь гаргаж байгаа. 9400 тн ноолуурыг угааж, самнаж, сүлжээд оёмол бүтээгдэхүүн болгох нь бидний зорилт. Ноолуураа дотооддоо боловсруулж чадвал 5300 ажлын байр хадгалагдаж, нэмж 3500 ажлын байр шинээр бий болох юм. Энэ ажлын хүрээнд Монголбанк, Хөгжлийн банкнаас 400 тэрбум төгрөг гаргасан. Хөтөлбөр хэрэгжиж эхлээд үр өгөөжөө өгч байна. Малчид ноолуураа 100-105 мянган төгрөгөөр борлуулж байна. Түүнчлэн 21:100 үндэсний хөтөлбөрийг батлаад байна.

    - 380 мянган хүн ажиллаж ДНБ-ий 10 гаруй хувийг бүрдүүлж буй  хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд  ямар чиглэл барьж байна вэ?

    - Малын чанарт анхаарч, үүлдэр угсааг сайжруулан, гойд ашиг шимт мал өсгөн үржүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах боломж хууль эрхзүйн хувьд бүрэн бүрдлээ. Ингэснээр малаас авах ашиг шим нэмэгдэж, малчдын амьдрал дээшилнэ. Малын халдварт өвчингүй тайван бүс бий болгохын тулд онцгой анхаарч мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эмчлэх гээд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

    Малчин өрх бүр үндэсний үйлдвэрлэгчид, малчин бүрийг мэргэжилтэн гэж үзэн малчны арга ухаан, хөдөлмөрийн бүтээмжийг урамшуулах бодлого барьж байна. Малын тоо толгойг бэлчээрийн даацтай уяж, бэлчээрээ хамгаалах эрхзүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Бие даасан салбар болоод 60 жилтэйгээ золгож буй газар тариалангийн салбарт орчин үеийн техник технологи нэвтрүүлж, шинэчилж тариалан эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ. Усалгаатай газар  тариаланг хөгжүүлж тариалангийн талбайн хөрсийг хамгаалах сайжруулахад анхаарч байна.

    - Эрүүл аюулгүй хүнсээр иргэдээ хангахад юуг илүү анхаарч байна?

    - Гол нь хүн амыг тэжээллэг эрүүл хүнсээр хүртээмжтэй тогтвортой хангах бодлого барьж байна. Ингэхийн тулд хүнсний түүхий эд татан авалтаас эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл бүхий л шат дамжлагад хяналтыг сайжруулна. Мах, сүү, хүнсний ногоо, жимс  жимсгэнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангахад чиглэсэн “Мах сүүний анхдугаар аян”, “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Цаашид хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалтын цогцолбор, махны үйлдвэр, хорио цээрийн бүс байгуулах болно. “Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн сүү” төслийг хэрэгжүүлнэ.

    - Хөдөө аж ахуйд суурилсан боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна, хүнс экспортлогч орон болох зорилт хэдий хугацаанд хангагдах боломжтой вэ?

    - Бид боловсруулах үйлдвэрүүдээ сэргээн хөгжүүлнэ. Энэ хүрээнд “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийг боловсруулж Засгийн газраар батлуулаад байна. 21 аймагт 100 боловсруулах үйлдвэр байгуулах юм. Арьс шир, ноос ноолуур, мах сүү, талх нарийн боов, жимс жимсгэнэ гээд хөдөө аж ахуйд суурилсан боловсруулах үйлдвэрүүдийн байршил чиглэл тодорхой болсон. Эхнээсээ үйлдвэрүүд ашиглалтад орж байна. Цаашид импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, улмаар хүнс экспортлогч орон болохыг зорьж байна. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

    Мөн татвар, хууль эрхзүй бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд анхаарна. Боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд хүний нөөц маш чухал. Тиймээс үйлдвэрийн мэргэжилтэн ажилчдыг сургах, давтан сургах, мэргэшүүлэх болно.

    - Аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгалын гол “бай” юу вэ?

    - Энэ бол Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гурван тулгуурт бодлогын нэг зорилт юм.  Үндсэндээ мэдээллийн технологи, цахим сүлжээ, тээвэр логистик, технологийн дэвшил ашиглан аж үйлдвэрийг хөгжүүлэх тухай юм. Интернэт худалдааг хөгжүүлэх, бүтээгдэхүүний нэгдсэн сан бий болгох замаар Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах юм. Үүнд зөвхөн хүнс хөдөө аж ахуйн чиглэлийн бус программ болон техник хангамжийн үйлдвэрлэл багтаж байгаа. Мөн хөнгөн үйлдвэрийн чиглэлийн дэлхийн тэргүүлэх дэвшилтэт технологийн үзэсгэлэнг Монгол Улсад тогтмол зохион байгуулж олон улсын тоног төхөөрөмж бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнд үйлдвэрлэгчдийг хамруулах зэргийг дурдаж болно.

    - Монгол Улсын аймаг бүрт хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйлдвэр барихаар болсон. Энэ нь нийт эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

    - УИХ-аар баталсан 21:100 хөтөлбөрийн хүрээнд 21 аймагт 100 үйлдвэр баръя л гэж байгаа юм. Гэхдээ тухайн орон нутгийн онцлог, саналыг аваад 100 үйлдвэрээ жагсаасан. Тухайлбал Баян Өлгий аймагт гутлын үйлдвэр, малын тэжээлийн үйлдвэр, хатгамалын үйлдвэр, хуванцар хаягдал боловсруулах болон махны, хуурай сүүний үйлдвэр байгуулах шаардлагатай гэхчилэн 100 үйлдвэрээ гаргасан. Энэ хөтөлбөр хэрэгжихэд 3.7 ихнаяд төгрөг шаардлагатай байгаа. Үүний тодорхой хэсгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, мөн аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар, гадны зээл тусламжаар босгоно. Хөдөө аж ахуйн салбарт жишиг болсон 100 үйлдвэрээ байгуулж чадвал хөдөө орон нутагт ажлын байр бий болж орлого нэмэгдэнэ.

    - Манай улс махаа эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн бэлтгэх, боловсруулах үйлдвэр хангалтгүй байдгаас их хэмжээгээр экспортлоход асуудал үүсдэг. Үүнийг шийдвэрлэх гарц гаргалгаа юу байна вэ, асуудал хаанаа гацаад байна вэ?

    - Манай улсад 40 гаруй махны үйлдвэр байгаа боловч ихэнх нь махаа экспортод гаргаж чаддаггүй. Хүнсний экспортлогч орон болох зорилтын хүрээнд махны экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа. Махны үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд тусгаарлагдсан хамгаалалтын бүсийг хөгжүүлэх ёстой. Хөтөлбөрийн хүрээнд барих махны үйлдвэрүүд нь тусгаарласан бүсийг хөгжүүлсэн, мал эмнэлгийн лабораторитой, эрүүл ахуйн шаардлага хангасан цогц үйлдвэр байх юм. Уг үйлдвэрийг барьсанаар олон улсын стандартад нийцсэн мах бэлтгэж, махны экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

    - Хөтөлбөрийн хүрээнд орон нутагт үйлдвэр барихдаа тухайн аймгийн түүхий эдийн нөөц боломж, онцлогт тохируулж үйлдвэр барина гэж та хэллээ, аль аймагт ямар чиглэлийн үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн бэ?

    - Дунджаар нэг аймагт 4 үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа. Импортыг орлох, экспортын чиг хандлагатай хоёр төрлийн үйлдвэр байна. Тухайлбал, ой бүхий аймагт модны үйлдвэрүүдийг байгуулах боломж бий. Германы ойн судлагааны байгууллага судлагаа хийгээд ойгоо зохистой түвшинд ашиглаж эргэлтэд оруулах зөвлөмжийг өгсөн. Бид зөвхөн унасан модоо ашиглахад 60 жилийн нөөц байгаа юм. Иймд ой бүхий Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгуудад модны үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төлөвлөсөн. Харин говийн аймгуудад тэмээн сүрэг их байдаг. Гэтэл ингэний сүүгээ ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаггүй. Одоогоор ааруул хурууд хоормог бэлдэж байна. Иймд ингэний сүүний үйлдвэрийг Дундговь, Өмнөговь аймагт байгуулахаар төлөвлөсөн. Ингэний сүүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл эрүүл мэндэд үнэт чанартай бүтээгдэхүүн гарах боломжтой. Экспортын хамгийн чадамжтай үйлдвэрүүд нь ноолуур ноос, арьс шир, махны салбар гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна манай улс уул уурхайн баялагаар хангалттай орон. Гэсэн хэдий ч тухайн баялагаараа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй сууна. Уул уурхайн гаралтай баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэж улсдаа нэмүү өртгийг шингээх боломж бий. Тухайлбал, Төв аймагт электрон хавтангийн үйлдвэр барихаар төлөвлөсөн. Энэ үйлдвэр байгуулагдсанаар ажлын байр нэмэгдэж, экспортын чиг хандлагатай үйлдвэр болж хөгжих боломжтой.

    - Хөтөлбөрийн хүрээнд байгуулагдах үйлдвэрүүдийг хэзээ бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бэ?

    - Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийн хүрээнд дэмжиж ажиллах үйлдвэрүүд эхнээсээ баригдаад эхэлсэн. Нийт төлөвлөсөн үйлдвэрүүдийн 70 орчим хувь нь жижиг дунд үйлдвэрүүд байгаа. Харин том үйлдвэрүүдийг барихад  урт хугацаа шаардана. Иймд Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөрийг дөрвөн жилийн хугацаанд хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр үе шат нь 2018-2019 он, хоёрдугаар үе шат нь 2020-2021 он хүртэл хэрэгжинэ.

    - Дээрх үйлдвэрүүдийн үр ашгийг хэрхэн тооцсон бэ, 100 үйлдвэр байгуулагдснаар улсын төсөвт хичнээн төгрөгийн орлого орно гэж тооцож байгаа вэ?

    - Шинээр байгуулагдах үйлдвэрүүд 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бөгөөд жилийн нийт орлого нь ойролцоогоор 5 ихнаяд төгрөг гэж үзвэл улсын төсөвт 107.9 тэрбум төгрөгийн орлого оруулах урьдчилсан тооцоо гарч байна. Үйлдвэрүүдийн 60 гаруй нь импортыг орлох бүтээгдэхүүн, 31 нь импортыг хангаж экспортод чиглэсэн бүтээгдэхүүн, 9 нь экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. 100 үйлдвэр байгуулагдснаар 6000 иргэнийг ажлын байраар хангана.

    - Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгчдийг ямар бодлогоор дэмжих вэ?

    - Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанаас Монгол Улсын 3 сая хүний хоол унд, хэрэглээ, ажил орлого бүхэн хамаарч байдаг. Тусгаар улс бол стратегийн хүнсээ өөрсдөө дотооддоо үйлдвэрлэж хүн амаа эрүүл экологийн цэвэр хүнсээр хүртээмжтэй хангах үүрэгтэй. Тийм учраас салбарын үйлдвэрлэгчдээ төрийн зөв бодлого, оновчтой дэмжлэг зайлшгүй байх шаардлагатай бий. Илүү үйл ажиллагааг нь тогтвортой байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн нь олон улсын шаардлага хангасан байх тал дээр бодлогын дэмжлэг үзүүлж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж ажиллах бодлого баримталж байна.

    - Хөрш орнуудтай хэрхэн хамтран ажиллах вэ?

    - Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт БНХАУ болон ОХУ, АНУ, Япон, БНСУ, Канад, Франц, ХБНГУ, Итали, Болгар, Унгар, Беларус, БНСВУ, БНАЛАУ, Турк, Австрали зэрэг орнуудтай идэвхитэй хамтран ажиллаж байна. БНХАУ, Монгол Улсын хамтын ажиллагааны тухайд, Малын генетик нөөцийг сайжруулах, мах экспортлох, хил дамнасан малын өвчинтэй тэмцэх, ХАА-н гаралтай бүтээгдэхүүний худалдаа, Таримлын шинэ үр сорт гарган авах, Газар тариалангийн техникийн шинэчлэл, боловсон хүчнээ чадавхижуулах зэрэг салбаруудад идэвхитэй хамтран ажиллаж байна.

    ОХУ, Монгол улсын хамтын ажиллагааны хувьд бол Экспортын зарим бараа, бүтээгдэхүүний тарифыг тэглэх, Махны экспорт, мал сүргийг эрүүлжүүлэх, таримлын шинэ сорт гаргах, нутагшуулах мөн газар тариалангийн техникийн шинэчлэлийн тал дээр хамтран ажиллаж байна.

    Д.Золжаргал

    Эх сурвалж: Бизнес ба Хөгжил сэтгүүл №3 (2018 он)

    Latest 150
    Latest 150