• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол-Уругвайн бизнес уулзалт боллоо
    08/17/2018

    МҮХАҮТ болон Бээжин хотод суугаа Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын ЭСЯ хамтран Монгол-Уругвайн бизнес уулзалтыг өнөөдөр анх удаа зохион байгууллаа.

    Уругвай улсад бизнес эрхлэх, хөрөнгө оруулах, түншлэх боломжийг Монголын компани, бизнес эрхлэгчдэд танилцуулах зорилготой энэхүү уулзалтад монголын 22 аж ахуй нэгжийн 27 төлөөлөгч оролцлоо.

    МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол-Уругвай улс хооронд дипломат харилцаа тогтоогоод 20 гаруй жил болж байгаа бөгөөд хоёр улс олон салбарт, тэр дундаа тээвэр, ложистикийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг онцоллоо.

    Уругвай улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд ноён Фернандо Лугрис хэлэхдээ, хоёр улс хүн амын тоо, хөдөө аж ахуй голлосон эдийн засагтай гээд ижил төстэй зүйл олон тул харилцан ойлголцож, хамтарч ажиллах ирээдүйг тэмдэглэв.

    Тус улсын Гадаад хэргийн Яамны Олон улсын эдийг засгийн газрын дарга, ноён Анибал Кабрал “Уругвай улсын гадаад худалдааны салбар болон экспортын бүтээгдэхүүний талаар танилцуулга” илтгэл тавив. Илтгэлд дурдсанаар Уругвай улс дэлхийд үхрийн мах экспортлогч томоохон улсуудын нэг ба экспортын барааны 12 хувийн эзэлдэг байна. Экспортын гол зах зээл нь Бразил, АНУ, БНХАУ, Орос, Турк улс бөгөөд шар буурцаг, ойн аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн голлон экспортлодог. 

    Уругвай улс үйлчилгээний салбарт томоохон экспортлогч орон болж чаджээ. Тухайлбал худалдаа бизнес, харилцаа холбооны технологи, санхүүгийн салбарын үйлчилгээг аль хэдийн томоохон улсуудад үзүүлээд эхэлсэн байна. Сүү сүүн бүтээгдэхүүний салбарт 58 хувийг хуурай сүүний үйлдвэрлэл, 25 хувийг бяслаг эзэлдэг бөгөөд бяслаг үйлдвэрлэлд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. 

    Уругвай улс хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломж, тогтвортой байдал зэрэг үзүүлэлтээр бүс нутагтаа тэргүүлэх байр эзэлдэг. Мөн ардчилалын индекс, ил тод байдал, эрх тэгш байдлын үзүүлэлтээр Латин Америкийн бүсэд нэгдүгээрт орж байна. Бизнес эрхлэх тал дээр хамгийн таатай орчныг бүрдүүлсэн болохыг “Уругвай ХХI” экспорт, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн дарга ноён Антонио Карамбула танилцуулав.

    Уулзалтын төгсгөлд Уругвай улсын Консулын газар Монголд нээгдсэнийг мэдэгдсэн бөгөөд тус улсын Өргөмжит консулаар “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд ажиллахаар болсон байна.

    Latest 150
    Latest 150