• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны чуулган боллоо
    08/20/2018

    - Чуулга уулзалтаар Монголоос 130 гаруй, Хятадаас 800, ОХУ-аас 38 компани оролцож, 1,3 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл хийгдлээ -

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо 8 дугаар сарын 17-19-нд Хятад, Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ээлжит чуулга уулзалт боллоо. Тус хотод 10 дахь удаагаа зохион байгуулагдсан энэ арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төрийн төлөөлөгчид болон МҮХАҮТ-ын гишүүн 130 компанийн төлөөлөл оролцож, чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд бараа бүтээгдэхүүнээ сурталчиллаа. Чуулга уулзалтад ОХУ-ын 6 бүс нутгийн 38 компани, аж ахуйн нэгж, БНХАУ-ын 800 компани оролцож, нийт дүнгээрээ 1.3 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл хийгдлээ.

    Хөрш 3 орны бизнес эрхлэгчдийн форумд Монгол Улсын Шадар сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятад, Монгол, Оросын Засгийн газрын хоорондын комиссуудын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин мэндчилгээ ирүүлснийг Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн Эрээн хотын Засгийн ордны орлогч дарга Гөү Пинванд гардууллаа.

    Чуулга уулзалтын хүрээнд “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн болон худалдаа, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт”, “Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн IV зөвлөлдөх уулзалт болон дугуй ширээний уулзалт ”Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны форум”, “Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын хамтын ажиллагааны форум” зэрэг дөрвөн форумын арга хэмжээг тус тус боллоо. Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн асуудлаар тусгайлсан дугуй ширээний ярилцлагын үеэр Монгол Улсын Шадар сайдын чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Ганболд хоёр орны хилийн дагуу хамтарсан бүс байгуулах талаарх Монголын талын байр суурь, хийгдэж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

    Энэ үеэр Эрээн хотын Ардын засгийн газрын ордон, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны хооронд хамтын ажиллагааны бүсийн асуудлаар хүрсэн тохиролцоог эрчимжүүлэх тухай баримт бичигт тус хотын орлогч дарга Гөү Пинван, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан нар гарын үсэг зурав.

    Түүнчлэн уг арга хэмжээний хүрээнд МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Бүх Хятадын Худалдааг дэмжих хорооны орлогч дарга Ли Пинчитэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад танхимын ЕНБД Э.Оюунтэгш, Төв аймгийн салбар танхимын дарга Ц.Жамбалсүрэн, Сүхбаатар аймгийн салбар танхимын дарга С.Батболд, Орхон аймгийн салбар танхимын дарга М.Ганбат, ӨМӨЗО-ны Худ дэмжих хорооны дарга Лю Тэн Шан, Эрээн хотын худ дэмжих хорооны дарга Шилийнбаатар нар оролцлоо.

    Latest 150
    Latest 150