• MN
  • EN
  • CN
  • RU
  • TRAM төслийн судалгааны нэгдсэн тайланг танилцуулав
    08/23/2018

    Европын Холбооноос санхүүжүүлж буй Монгол Улсын Худалдааг Дэмжих Төслийн (TRAM) нэгдсэн судалгааны тайланг танилцуулах уулзалт хэлэлцүүлэг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд (МҮХАҮТ) болж өндөрлөлөө.

    Энэ оны 3 дугаар сарын 7-ноос хэрэгжиж эхэлсэн энэхүү төсөл нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй экспортлогч болон боломжит экспортлогч нарт үзүүлэх дэмжлэгийн хэрэгцээг тодорхойлох мөн МҮХАҮТ болон бусад байгууллагууд үр дүнтэй үйлчилгээг бий болгоход дэмжлэг үзүүлэхээр хийгдсэн судалгаа болон экспортлогчдын нэрийн өмнөөс Монгол Улсын Засгийн газартай хийх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

    Судалгааны тайланг TRAM төслийн хувийн хэвшлийн ахлах зөвлөх Тоби Филпотт танилцуулсан бөгөөд уг төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд учирсан саад бэрхшээлийг тодруулж цаашид асуудал бэрхшээлийг шийдвэрлэх хувилбаруудыг тайлбарлан хүргэв. Оролцогчдын салбараар нь авч үзвэл санал асуулгыг зохион байгуулснаар нийт 132 хариуг хүлээн авснаас 25 хувь нь ноос ноолуурын салбараас, 9 хувь нь мах махан бүтээгдэхүүн, 7 хувь нь аялал жуулчлал, 7 хувь нь арьс шир, мөн 7 хувь нь нэхмэл бүтээгдэхүүний салбараас хамрагдсан байна. 9 хувь нь салбараа тогтоогүй гэдгийг хурлын эхэнд танилцуулав.

    Судалгааны чиглэл нь ерөнхийдөө экспортын зах зээл, экспортын журам болон үйл ажиллагаанд зарцуулж буй хугацаа, экспортлогч аж ахуй нэгжийн мэдлэг, чадвар, боломжит нөөц боломжууд зэргийг хамарсан байна. Мөн судалгаанд оролцогчдын 82 хувь нь одоо байгаа экспортлогч байсан бол 14 хувь нь экспорт хийх сонирхолтой болон боломжит экспортлогч аж ахуй нэгжүүд байв. Гэвч энэхүү судалгаагаар боломжит экспортлогчдод ямар саад бэрхшээл тулгарч байгааг тодорхойлох боломжгүй байсныг онцлов.

    Судалгаанд оролцогчдын 60.8 хувь нь БНХАУ, 34.2 хувь нь Европын Холбоо, 30.0 хувь нь Япон, 28.3 хувь нь ОХУ болон ЕАЭЗХ, 21.7 хувь нь БНСУ, 16.7 хувь нь Хойд Америк руу экспорт хийхэд хамгийн сайн зах зээл гэж үзжээ. Мөн судалгаанд оролцогчид ачаа тээврийн зуучлагчид тодорхой зах зээлийг (ОХУ, Хятад, Казахстан гэх мэт) дагнан ажиллах тал дээр дутагдалтай байгаа бөгөөд ийм төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна.

    Экспортын журам болон үйл ажиллагаанд зарцуулж буй хугацааны талаарх санал асуулга экспорттой холбоотой зохицуулалт, хууль эрх зүйн нөлөөлөл гэсэн үндсэн хоёр асуудал дээр төвлөрсөн байна. Экспортын баримт бичиг, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалттай холбоотой хэд хэдэн асуултыг асуусан бөгөөд судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 70.2 хувь нь экспортын баримтыг Дэлхийн Банкны Бизнес Эрхлэх судалгаагаар таамаглаж байснаас хурдан хугацаанд авдаг гэсэн боловч багагүй хэсэг нь (14 хувь) ажлын 10 эсвэл түүнээс олон өдөр зарцуулдаг хэмээн хариулсан байна. Үүнээс гадна үйл ажиллагаанд зарцуулж буй судалгаа нь гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтад зарцуулах хугацаа, тээврийн хэлбэрүүд, ачаа зуучлалын зах зээл дэх өрсөлдөөн зэргийг хамруулжээ.

    Экспортлогч аж ахуй нэгжийн мэдлэг, ур чадварт хийсэн судалгааны дүнгээс харвал оролцогчдын дийлэнх нь (81 хувь) тэдний бизнесийг олон улсын хэмжээнд хүрэхэд тусалж чадах экспортын болон гадаад хэлний чадвартай ажилтан олох хүндрэлтэй байгаа гэжээ. Үүний шалтгаан нь худалдаа бизнес, гадаад хэлний мэдлэгтэй нөөц ихэнхдээ томоохон аж ахуй нэгж рүү, илүү өндөр хангамж цалинд татагдаж ордогтой холбоотой байгаа ба тэдгээр томоохон нэр хүндтэй компанид ийм асуудал төдийлөн гарахгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна.

    Гадаад орны хэрэглэгчид, агентууд болон зуучлагч нартай харилцан ашигтай хамтран ажиллах гэрээ байгуулах ур чадварын тал дээр дээрхтэй бараг адилхан дүр зураг гарчээ. Оролцогчдын дийлэнх нь (82 хувь) гадаадын талтай гэрээ байгуулах нь бага зэрэг хүндрэлтэй, эсвэл маш хүндрэлтэй гэж хариулсан байна.

    Судалгаа болон зорилтод бүлгүүдийн дунд явуулсан хэлэлцүүлгийн үр дүнд тулгуурлан хэд хэдэн дүгнэлт, зөвлөмжүүдийг гаргаж болохоор байна. Эдгээр нь экспорттой хамаарал бүхий дараах өргөн хүрээний асуудлуудтай холбоотой. Үүнд бодлогын орчин, хууль эрх зүй, зохицуулалтын орчин, бизнесийг дэмжих үйлчилгээ үзүүлэх нөхцөл, зохистой ур чадвартай хөдөлмөр эрхлэгчид боломжийг гаргаж өгөх, экспорттой хамааралтай санхүүгийн бүтээгдэхүүний, технологи инновацийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тээврийн дэд бүтэц, тээвэр зуучлалын хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн удирдлага зэрэг багтаж байна хэмээн тайланд өгүүлжээ.

    Latest 150
    Latest 150