• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол, Тюменийн бизнес уулзалт боллоо
    08/28/2018

    МҮХАҮТ, Монголын Хүнс Хөдөө Аж Ахуйн Үндэсний Ассоциаци хамтран Тюмень мужийн бизнес уулзалтыг өнөөдөр зохион байгуулав.

    Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, ОХУ-ын Тюмень мужийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын орлогч дарга Аверина Елена Викторовна нар Танхим хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

    Уулзалтад Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгч Васильев Максим Викторович, Тюмень мужийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хөрөнгө оруулалтын бодлогын газрын даргын орлогч Машуков Антон Андреевич болон Тюмень мужийн “Очаково” ХХК-ны захирал Федоров Евгений Алексеевич, “Тюменьстальмост” ХХК, “Слада” ХХК-ийн төлөөллүүд оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүний талаарх танилцуулга хийсэн юм. 

    Мөн үеэр B2B уулзалт болж, хоёр улсын бизнес эрхлэгчид санал солилцож, хамтран ажиллах боломжуудаа эрэлхийллээ. Манай талаас тус мужийн “Очаково” ХХК болон “Слада” ХХК-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн хөдөө аж ахуйн чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа бизнес эрхлэгчид онцлоод, Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаар дамжуулан тус мужийн энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүстэй холбож өгөхийг хүслээ. 

    Тюмень муж Сибирийн томоохон мужуудын нэг бөгөөд сая гаруй хүн амтай. Тюмень муж нь байгалийн нөөцөөр баялаг, төмөрлөгийн үйлдвэрлэл, газар тариалан, аж үйлдвэр хөгжсөн бүс юм. 

    Тюмень мужийн “Слада” ХХК нь 20 гаруй жил чихэр, амттан үйлдвэрлэж ирсэн бөгөөд 1300 гаруй үйлчлүүлэгчидтэй, 900 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг бөөний худалдааны компани юм. Тус үйлдвэр жилд 40 мянган тонн чихэр үйлдвэрлэдэг аж. Бүтээгдэхүүнээ БНХАУ, Беларусь, Узбекстан, Украин, болон Монголын баруун хязгаар нутгуудад экспортолдог. Монголын хэрэглэгчид тус компанийн чихэр, амттаныг таашаан хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс ч Монгол дахь борлуулалтаа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ компанийн менежер Белоусова Лола хэлэв.

    "Очаково" ХХК-ны хувьд 1980 оноос үйл ажиллагаа явуулж буй компани бөгөөд дэлхийн 30 гаруй улс, ОХУ-ын 10 хотод бүтээгдэхүүнээ экспортолдог. Тус компани алкохольгүй, шингэн хүнсний бүтээгдэхүүн болох шар айраг, квас, дарс, төрөл бүрийн жимсний ундаа, ус үйлдвэрлэдэг.

    "Тюменьстальмост" ХХК нь Зам гүүр болон барилгын металл бүтээцийн үйлдвэрлэл эрхэлдэг компани юм. Тухалбал, төмөр зам, авто зам, гүүрний шаардлагатай хэсэгчилсэн тоног төхөөрөмж, төмөр хийцийг үйлдвэрлэдэг. 

    Манай Улсад ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар байгуулагдаад жил гаруй болж байгаа юм. Энэ хугацаанд Орос, Монголын бизнесийн харилцаа сайжирч, хоёр орны гадаад худалдааны эргэлт 40 хувиар нэмэгджээ. 

    Latest 150
    Latest 150