• MN
  • EN
  • CN
  • RU
  • Ерөнхийлөгч Х.Баттулга CACCI-ийн ерөнхийлөгч Джамал Инайшвилиг хүлээн авч уулзлаа
    09/07/2018

    “Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоогоор дамжуулан бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх” нь сэдэвт олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохиогдож байна.

    Энэхүү чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн холбоо (CACCI) -ны ерөнхийлөгч Джамал Инайшвили, тус холбооны удирдлагууд болон Торгоны замын олон улсын худалдааны танхимын төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, бүс нутгийн эдийн засгийн асуудлаар ярилцлаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга юуны түрүүнд Монгол Улсад айлчлан ирсэн зочдыг тавтай морилохыг хүсээд, Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд зохион байгуулагдах бизнес уулзалтуудын үеэр хоёр талын бизнес эрхлэгчид харилцан ашигтай хамтын ажиллагааны гараагаа эхэлнэ гэдэгт найдаж буйгаа хэллээ.

    Мөн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн асуудлыг хөндөн ярьж, төрөлжиж чадахгүй байгаа Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх боломжтой салбарын асуудлаар ярилцсан юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө аж ахуй, аялал жуулчлал, өндөр технологийн салбарт бизнес эхлүүлэх, өргөжүүлэх боломж өндөр буйг дурдаж, ОХУ-аас үзүүлэх дамжин өнгөрөх тээврийн тарифын хөнгөлөлт, бусад улсын Монгол Улсад үзүүлж буй гаалийн татварын дэмжлэг зэргийн бизнест нөлөөлөх үр, өгөөжийн асуудлыг хөндөн ярив.

    Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын болон Торгоны замын олон улсын худалдааны танхимын төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол орон, түүний онцлогт тохирсон бизнесийн асуудлаар өргөн сэдэв хөндөн ярилцсанд талархал илэрхийлж, зөвлөгөө, туршлага нь хамтын ажиллагаа, цаашдын ажилд нь эергээр нөлөөлөхийг хэлэв.

    Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дурдсан салбарт богино хугацаанд амжилт гаргахын төлөө хичээн ажиллахаа хэлээд форумын үеэр Монголын онцлогийг тусгасан асуудлыг ярилцах саналыг нухацтай авч үзэхээ илэрхийллээ.

    CACCI-ийн ерөнхийлөгч Джамал Инайшвили тэргүүтэй төлөөлөгчдийг дараа нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ГХЯ-нд хүлээн авч уулзаж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлал зэрэг уул уурхайн бусад салбарыг хөгжүүлэхэд Азийн орнуудын тусламж дэмжлэг, нөөц бололцооны талаар санал солилцсон юм.

    Latest 150
    Latest 150