• MN
  • EN
  • CN
  • RU
  • Швед, Канад руу экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана
    09/27/2018

    МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Монгол Улсаас Шведийн Вант Улсад суухаар шинэ томилогдсон Элчин сайд О.Энхцэцэг, Канад Улсад суух Элчин сайд Я.Ариунболд нарыг хүлээн авч уулзаж, эдгээр оронтой худалдаа, бизнес, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцлаа. Уг уулзалтад Танхимын Гадаад харилцаа, хөрөнгө оруулалт, Харилцаа, хамтын ажиллагааны газрын болон Монголын олон улсын ба үндэсний арбитрын дарга нар оролцлоо.

    Шведийн Стокгольмын арбитраас 2003-2005 онд арбитрыг чадавхжуулах төсөл хэрэгжүүлж байсан бөгөөд үүний үр дүнд Монголын олон улсын ба үндэсний арбитр 21 аймагт салбартайгаар байгуулагдан өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж буй, цаашид энэ төрлийн төсөлд хамрагдах сонирхолтой байгаагаа МҮХАҮТ-ын дэргэдэх  Монголын олон улсын ба үндэсний арбитрын дарга Ч.Гүнждагва онцоллоо. 

    Түүнчлэн тус улсад 6000 гаруй монгол иргэн амьдардаг гэсэн мэдээлэл байдаг бөгөөд монголчууд олноор суурьшсан газар монгол бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, монгол иргэдийн бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, бизнес форум, олон улсын үзэсгэлэн хамтран зохион байгуулах боломжуудын талаар ярилцав.

    Канад Улсын тухайд, Монгол Улстай голдуу уул уурхайн түншлэл түлхүү хөгжсөн бөгөөд цаашид экологийн цэвэр бүтээгдэхүүнийг тус улсад экспортлох, МАА-н гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах технологи нэмэгдүүлэх чиглэлд  бизнесийн орон зай байгаа аж. Тус улс дахь ХАҮТ-тай холбогдож, бизнесүүдийг хооронд нь холбоход ЭСЯ-ны оролцоо багагүйг мөн онцоллоо.

    Элчин сайд нарын зүгээс Монголын компаниудын талаарх мэдээлэл, судалгаагаар хангаж, хамтарч ажиллахыг Танхимаас хүслээ. Цаашид эдгээр оронтой чөлөөт худалдааг нэмэгдүүлж, арга хэмжээ, бизнес форум, үзэсгэлэн яармагт дотоодын ААН-үүдийг өргөнөөр оролцуулах боломжийг нэмэгдүүлэхээр тохиролцов.

    МҮХАҮТ-аас экспортлогчдыг шинэ зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, зах зээлээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, гадаад түнштэй холбох, мэдээлэл хүргэх зорилгоор "Mongolian exporters-2018" цахим каталогийг гаргасныг уулзалтын төгсгөлд Элчин сайд нарт гардууллаа.

    Latest 150
    Latest 150