• MN
  • EN
  • CN
  • RU
  • Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн айлчлал боллоо
    10/05/2018

    МҮХАҮТ, БНКазУ-ын Үндэсний танхим “Атамекен”, Казахстаны Гадаад худалдааны танхим, БНКазУ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн яам, Монгол Улс дахь БНКазУ-ын ЭСЯам хамтран “БНКазУ-ын худалдаа, эдийн засгийн айлчлал”-ыг зохион байгууллаа.

    Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Казахстаны талаас эрчим хүч, барилга, эрүүл мэнд, боловсруулах үйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд хүрэлцэн иржээ. Манай хоёр улсын гадаад худалдааны бараа эргэлт 2017 оны байдлаар 74.8 сая ам.долларт хүрснээс экспорт 72.5 сая, импорт 2.3 хувийг эзлэж байна.

    Казахстаны Гадаад худалдааны танхимын Удирдах зөвлөлийн орлогч дарга Н.А.Букейханов уулзалтын эхэнд хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНКазУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр улсын бизнес эрхлэгчид харилцаагаа улам бэхжүүлэн бүхий л  салбарт шинэ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажилласаар байгаа. Хоёр улс дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч болон эмийн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай ирээдүй харагдаж байна хэмээн цохон тэмдэглэв. Уулзалтаар бизнес эрхлэгчид шинэ түншээ олох, хөрөнгө оруулалт татах, хоёр орны зах зээлд харилцан нэвтрэх боломжуудыг ярилцлаа.

    Түүнчлэн БНКазУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Айдар Абишев “Казахстан Улс тамхи болон рапсын экспортоор тэргүүлдэг. Казакстанаас Монгол руу чиглэсэн импорт тогтмол нэмэгдэж байна. Өнөөдөр хоёр улсын хооронд 50 орчим гэрээ хэлэлцээр мөрдөгдөж байна, цаашид худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэж байна” гэв.

    Уулзалтын үеэр хоёр орны худалдааны эргэлтэд өгөөжөө өгөх “Цагааннуур” чөлөөт бүс”-ийн танилцуулга мэдээлэл, Казахстаны талаас “Ново-Альджанский мелькомбинат”, манай талаас “Ангара дэвших трейд” компаниуд танилцуулга хийлээ.

    Мөн ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулж бизнесийн боломжуудаа ярилцав. Казахстаны бизнес эрхлэгчдийг төлөөлөн вакуум цонхны үйлдвэрлэлээр дэлхийд томоохонд тооцогддог “Nedex Almaty”, мөн хүнсний үйлдвэрлэлээрээ Казахстан төдийгүй Төв Азид танигдсан “Eurasian foods corporation” болон “Баян Сулу” зэрэг аж ахуйн нэгжүүд хүрэлцэн иржээ.

    Уулзалтын үр дүнд дээрх компаниудыг Монголын бизнес эрхлэгчид холбогдох байгууллагуудтай холбоо тогтоох, түншийн харилцаа үүсгэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. Хэдийгээр хоёр улсын гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, харилцан ашигтай хамтран ажиллаж байгаа ч ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг тээвэр логистикийн асуудал  өртөг өндөртэй, хүнд сурталтай байдаг талаар ярьж байлаа. Цаашид бизнес эрхлэхэд тохиолддог бэрхшээлийг  үе шаттайгаар бууруулах тал дээр хоёр тал санал нэгдэв.

    Latest 150
    Latest 150