• MN
  • EN
  • CN
  • RU
  • Нийслэлийн ойд зориулсан бизнес фестиваль боллоо
    10/15/2018

    Нийслэлийн 379 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, МҮХАҮТ хамтран  “Их хотын хямдрал-2018” бизнес фестивалийг ес дэх жилдээ зохион байгууллаа.

    Бизнес фестивалийн нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш болон холбогдох албаныхан оролцов.

    МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав үйл ажиллагааны нээлтэд “Бизнес эрхлэгчид нэг дор цугларан хэрэглэгчиддээ ойр байж худалдаа, үйлчилгээ үзүүлдэг арга хэмжээний нэг болох “Бизнес фестиваль”-ийг МҮХАҮТ 2000 оноос эхлэн хоёр жил тутамд уламжлал болгон зохиож байгуулж ирсэн нь бизнесийг дэмжиж сурталчилдаг, иргэдэд санхүүгийн бодит хэмнэлт болдог, хүсэн хүлээдэг арга хэмжээ болж чаджээ. 2018 оныг МҮХАҮТ-аас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” болгон зарлаж, улс орны макро түвшинд гарсан эдийн засгийн нааштай үзүүлэлтүүдийг микро түвшинд буюу аж ахуйн нэгж, ард иргэдийн амьдралд буулгахад түлхүү анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд бизнес эрхлэгч, ААН-үүдийн дуу хоолойг сонсч төр засагт хүргэхийн сацуу бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, хэрэглэгчдэд оновчтой арга замаар хүргэх, маркетингийн шинэлэг үйл ажиллагаанд хамрагдах боломжоор хангахыг бидний зүгээс хичээж ирсэн. Энэ удаагийн бизнес фестиваль ч мөн нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, худалдаа үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоо хангасан, үр дүнтэй ажил болно гэдэгт итгэлтэй байна" гэв.  

    Улс орны баялаг бүтээгч бизнес эрхлэгчид “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” уриан дор парадаа явуулж, Спортын төв ордон-Туушин зочид буудал-Д.Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогоо харуулан жагслаа.

    Арга хэмжээнд нийслэлийн 6 дүүргийн 50-аад байгууллагын 500-аад хүн оролцов. Энэ үеэр нийслэлчүүдэд зориулсан ААН-үүдийн танилцуулга, сурталчилгаа, урлагийн тоглолт, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа боллоо.

    Хямдралтай худалдаа энэ сарын 29-нийг хүртэл худалдаа, үйлчилгээний газруудад үргэлжлэн явагдах юм.


     

    Latest 150
    Latest 150