• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол, Азербайжаны бизнес уулзалт боллоо
    10/16/2018

    Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын бизнес форум 10 дугаар сарын 15-нд ГХЯ-нд болж хоёр талын 40 гаруй компанийн 60 гаруй бизнес эрхлэгч оролцож мэдээлэл солилцлоо. Энэхүү анх удаагийн арга хэмжээг ГХЯ, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан юм. 

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч сарын сүүлээр тус улсад ажлын айлчлал хийхдээ Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзсан бөгөөд энэ үеэр хоёр орны бизнесийн төлөөллийг уулзуулж, эдийн засаг, бизнесийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлахаар зөвшилцсөн юм. Үүний мөрөөр тус улсын Эдийн засгийн яамны дэд сайдаар ахлуулсан 30 гаруй томоохон ААН, бизнес эрхлэгчдийн төлөөлөл бүхий судалгааны баг манай улсад хоёр өдөр ажиллалаа.  

    Тус улс нь газрын тосны боловсруулалт болон хивсний үйлдвэрлэлээрээ олон улсад алдартай бөгөөд уламжлалт хэлбэрийг хадгалсан орчин үеийн технологиор хивс үйлдвэрлэхдээ гол түүхий эд болох ноосыг 100 хувь гадаадаас импортлодог байна. Тиймээс энэ чиглэлээр Монголтой хамтран ажиллах сонирхолтой аж. Мөн дарс үйлдвэрлэлээр алдартай Европын орнуудтай өрсөлдөхүйц хэмжээний вино, дарсны бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. Үүнийгээ Монгол Улсад экспортлох сонирхлоо илэрхийллээ. Түүнчлэн уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломж буйг уулзалтын үеэр танилцуулсан юм. 

    Монгол Улсаас мах болон арьс шир, ноос ноолуур гэх мэт малын гаралтай бүтээгдэхүүнийг Азербайжанд импортлох, Монгол Улсад 300 орчим хүнийг ажлын байраар хангахуйц ноос ноолуур боловсруулах болон хивсний үйлдвэр байгуулахад зориулж хөрөнгө оруулалт хийх, технологийн шийдлийг Азербайжан улсаас авах асуудлыг нухацтай судлахаар болоод байгаа. 

    Хоёр орны хувьд хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарын мэдээлэл багатай гэдгээ харилцан хүлээн зөвшөөрч, худалдаа бизнесийн орчинг судлах нь энэ удаагийн уулзалтын гол зорилго байлаа хэмээн Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг онцоллоо.

    Одоогоор манай хоёр орны иргэд хооронд жимс жимсгэнэ, ноос ноолуурын багахан бизнес байдгаас өөрөөр томоохон бизнесийн хамтын ажиллагаа өрнөөгүй байдаг байна. Бизнес уулзалтын бодит үр дүн ойрын хугацаанд гарч эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа  Азербайжаны тал мөн илэрхийлэв.

    Latest 150
    Latest 150