• MN
  • EN
  • CN
  • RU
  • Экспортын тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ
    10/20/2018

    ГХЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, МҮХАҮТ, Монголын худалдааг дэмжих TRAM төсөл хамтран "Экспортын тулгамдаж буй асуудал" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

    Хэлэлцүүлгийн эхэнд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү "Ноолуур" хөтөлбөрийн хэрэгжилт, хүрэх үр дүнгийн талаар танилцуулсан бол МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа  экспорт хийх явцад бизнес эрхлэгчдэд тулгардаг бэрхшээл, гарц шийдлийн талаар ярилаа.

    Мөн Гадаад харилцааны яамны төлөөлөл "Монгол экспорт" хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Монголын худалдааг дэмжих ТRАМ төслөөс  Монголын чацаргана, мах, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, ноосыг сонгон авч, кластер хэлбэрээр хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талаар ярилаа.

    Хэлэлцүүлгийн үеэр Олон улсын худалдааны төвөөс Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг төслийн талаар танилцуулав. Тус төвийн ахлах зөвлөх Карла Солис хэлэхдээ "Хөрөнгө оруулагчдад эрхзүйн таатай орчин бүрдүүлж, тэдэнд итгэл бий болгох, зорилтот зах зээлд нийцэж ажиллаж, нийлүүлэлтийг шийдэх, өндөр технологи, инновацийг нэвтрүүлэх, түүнд төрөөс дэмжлэг үзүүлэх нь зүйтэй байна" гэв.

    Түүнчлэн уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, тэр дундаа 2025 он гэхэд одоогийн нийт экспортын орлогын 10 хувийг эзэлж буй хэмжээг 25 хувьд хүргэх, цаашлаад 50:50 хувьд хүргэх зорилттой байгаагаа Гадаад харилцааны яамны төлөөлөл хэлсэн.

    Хэлэлцүүлгийн үеэр хонины ноосноос биобордоо үйлдвэрлэж, Герман руу 2022 он хүртэл экспортлох гэрээ хийсэн гэдгээ Монпеллетс компанийн захирал Б.Цогбадрах ярилаа. Энэ ажлыг бодлогоор болон өдөр тутамд бизнес эрхлэгчдэд тулгардаг жижиг ч гэсэн бодит асуудлыг шийдээд явахыг хүслээ. Мөн импортын ижил төстэй бараа бүтээгдэхүүнийг тарифын болон тарифын бус зохицуулалтаар хазаарлах, үнийн бодлого хэрэгжүүлэх, дөнгөж эхэлж буй бизнесийг татвараас хөнгөлөх, санхүүжилтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгох талаар бизнес эрхлэгчдийн төлөөлөл ярилаа.  Хэлэлцүүлэг арьс шир, ноос, ноолуур, мах махан бүтээгдэхүүн, аялал жуулчлал сэдвээр зохион байгуулагдав.

    Latest 150
    Latest 150