• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Алтан тэмээ” шагналыг Монголоос анх удаа хүртлээ
    10/26/2018

    “Торгоны зам-2018” дээд хэмжээний бизнес уулзалт Хятадын Хунань мужийн нийслэл Жанжиажэ хотод “Олон улсын худалдааны хамтын ажиллагаа, соёлын солилцооны шинэ талбар” сэдвийн дор саяхан зохиогдлоо.

    “Торгоны зам” Олон Улсын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (SRCIC) –аас зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 80 гаруй орны 500 гаруй албаны хүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгч болон гишүүн орнуудын ХАҮТ-уудын удирдах албан тушаалтнууд оролцож, худалдааг хөнгөвчлөх, бизнест хамааралтай төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, тээвэр ложистикийг оновчтой зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, туршлага солилцлоо.

    Төлөөлөгчид цаашид хөрөнгө оруулалтын чуулган, бизнес айлчлал, үзэсгэлэн худалдааг аль болох ойр давтамжтай зохион байгуулж, улс хооронд харилцан мэдээлэл солилцох сүлжээг өргөтгөх, мэдээллийн нэгдсэн бааз байгуулахаар санал нэгджээ.

    Энэ үеэр тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, сонгуульт үүрэг хүлээдэг, бүс нутгийн эдийн засаг, худалдаа бизнесийн харилцааг  шинэ шатанд гаргахад тодорхой хувь нэмэр оруулсан  хүмүүсийг Торгоны зам ОУХАҮТ-ын “Алтан тэмээ” шагналаар шагнасан байна.

    Эдгээрийн нэг нь Торгоны зам” ОУХАҮТ-ын дэд ерөнхийлөгч, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг бөгөөд тэрбээр  Монгол Улсаас анх удаа уг нэр хүндтэй шагналын эзэн болж буй аж. “Алтан тэмээ” шагналыг АНДО-ын ХАҮТ-уудын Нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Джамал Инайшвили, Дэлхийн Танхимуудын Холбооны Ерөнхийлөгч Петер Михок зэрэг 5 хүн хүртсэн байна.

    “Торгоны зам” ОУХАҮТ нь 2015 онд “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд торгоны замын дагуу оршдог 20 орны оролцоотойгоор анх байгуулагдсан бөгөөд МҮХАҮТ үүсгэн байгуулагчдын нэгд тооцогддог.

    Дашрамд дурдахад энэхүү дээд хэмжээний чуулган зохиогдсон Жанжиажэ хот нь “Аватар” киноны зургийг авсан жижигхэн тосгон бөгөөд өндөр уул, огцом хад асга бүхий байгалийн өвөрмөц тогтоцоо аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болгож, дэлхийн өнцөг булан бүрээс сая сая жуулчин татдагаараа алдартай аж.

    Latest 150
    Latest 150