• MN
  • EN
  • CN
  • RU
  • Төр, хувийн хэвшил хамтарвал ноолуурын салбарынхан Америкийн зах зээлд гарч чадна
    10/30/2018

    Манай улсын ноолуурын салбарынхан Дэлхийн худалдааны байгууллагатай хамтран ажиллаад нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Тус байгууллага эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг бөгөөд Монголын ноос ноолуурыг дэлхийд таниулан сурталчлахад ихээхэн анхаарч тусалдаг. 

    Дэлхийн худалдааны байгууллага эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог чухалчлахаас гадна бага орлого, жижиг эдийн засагтай улсуудыг худалдаагаар нь дамжуулж дэмжих бодлого барьдаг. 2014 оноос Монголын ноолуурын салбарын эмэгтэйчүүдийн чадавхыг сайжруулах, гадаад зах зээлд гаргахад олон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. 

    Манай улсад айлчлал хийж буй ITC буюу Олон улсын Худалдааны Төвийн гүйцэтгэх захирал, хатагтай Аранча Гонзалес МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзлаа. Хатагтай А.Гонзалес Монголын ноос, ноолуур үйлдвэрлэл, түүнд тулгарч буй асуудлуудын талаар ноос ноолуурын салбарын эмэгтэйчүүдтэй санал бодлоо хуваалцав.  

    Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: “Америк бол Европын холбооны дараа ордог хамгийн том импортлогч. Ийм зах зээлд гарах нь Монголын ноолуурыг дэлхийд таниулах, сурталчлахад чухал алхам болно. Манай компани Америкийн томоохон хотуудад болдог үзэсгэлэнгүүдэд идэвхтэй оролцсоор ирлээ. Монголын гуравдагч хөршийн худалдааг хөнгөвчлөх хуулийн төслийг өргөн барьсан явдлыг ноолуурын салбарын эмэгтэй бизнес эрхлэгчид баяртай хүлээн авч байна. Энэ хуулийн төслийг Конгресст өргөн барих санаачилгыг гаргаж, идэвхтэй ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ажлын хэсгийнхэнд нь ноолуурын салбарын эмэгтэйчүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлмээр байна. Америкийн конгресст энэ хуулийн төсөл өргөн баригдана гэдэг бидний хувьд өндөр амжилт. Хэрвээ уг хуулийн төсөл батлагдвал ноолуурын салбарынханд маш том боломж нээгдэнэ. Боломж нээгдэхийн хэрээр том хариуцлага, их ажил биднийг хүлээж байна” гэлээ.

    МҮХАҮТ нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг амжилттай хэрэгжүүлж буйн улмаас ITC-ийн хүндэт шагнал хүртсэнийг Танхимын дарга М.Оюунчимэг мөн үеэр дуулгалаа. 

    Сүүлийн 5 жилд дунджаар инженерийн боловсролтой 40-50, нарийн мэргэжлийн 10 хүрэхгүй хүн жилд бэлтгэгдэж байгаа нь үйлдвэрийн жигд ажиллагаа алдагдаж, мэргэжилтэй ажилтны хүрэлцээ дутагдалтай байгааг харуулж байна хэмээн  “Сноу Филдс” компанийн ерөнхий менежер Д.Нарантуяа хэллээ.

    Мөн үеэр төр, хувийн хэвшил хүчтэй хамтарч ажиллаж байж ноолуурын салбарынхан Америкийн зах зээлд амжилттай гарч чадна гэж Монголын ноос, ноолуурын холбооныхон онцолж байна. 

    Ноолуурын компаниудын хувьд хамгийн эрэлттэй дэмжлэгийн нэг нь бага хүүтэй, урт хугацаатай зээл юм байна. “Ноолуур” хөтөлбөрийн зээл сарын нэг хувийн хүүтэй, элдэв шимтгэл, хураамжийг нь нэмэхээр арилжааны банкны хүүгээс ялгардаггүй аж. 

    “Ноолуур” хөтөлбөрийн зээлд цөөн тооны том хэдхэн үйлдвэр л хамрагджээ. Хөтөлбөрийн зээлийн хүүг багасгаж, хугацааг нь уртасгавал үйлдвэрлэлийнхээ технологийг шинэчилж, хүний нөөцийн асуудлаа шийдэж, түүхий эдээ ахиухан нөөцлөх боломж бүрдэнэ гэж Монголын ноос, ноолуурын холбооныхон ярилаа. 

    Манай улсын ноолуурын салбарынхны хувьд АНУ, Европын холбоо, ОХУ, Казахстан, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон, Канад, Австрали руу экспорт хийж байна. 

    2017 оны байдлаар 5413 тонн угаасан ноолуур, 509 тонн самнасан ноолуур, 915,6 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэсэн нь түүхий эдийн нийт нөөцийн 90 хувийг анхан шатны боловсруулалт хийсэн байдлаар, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүнээр экспортод гаргажээ. 

    Latest 150
    Latest 150