• MN
  • EN
  • CN
  • RU
  • ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛЫГ 4 ДЭХ ЖИЛДЭЭ ОЛГОНО
    11/14/2018

    “Үндэсний чанарын чуулган 2018” арга хэмжээ 11 дүгээр сарын 15 нд МҮХАҮТ-ын Их Танхимд болно. Стандарт хэмжилзүйн газар, МҮХАҮТ хамтран Дэлхийн чанарын өдөр – Үндэсний чанарын 7 хоногийг тохиолдуулан  2015 оноос “Үндэсний чанарын чуулган”-ыг зохион байгуулж ирсэн. Дэлхийн олон улс оронд энэ өдрийг тодорхой уриан дор тэмдэглэдэг бөгөөд энэ оныг “Чанар итгэлийг бий болгоно” уриан дор тэмдэглэхээр бэлтгэл хангагдаад байна. Чуулганы талаар Стандарт, хэмжил зүйн газрын  дарга Г.Гантөмөртэй ярилцлаа.

    - Дэлхийн Чанарын өдөр, Чанарын чуулган  арга хэмжээний зорилго болон ач холбогдлын талаар ярилцлагаа эхлэе?

    - “Дэлхийн Чанарын өдөр”-ийг 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалтай болсон. Манай улсын хувьд Дэлхийн Чанарын өдрийг тохиолдуулан “Үндэсний чанарын 7 хоног”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд  “Чанар итгэлийг бий болгоно” гэсэн уриан дор Үндэсний чанарын чуулганыг зохион байгуулах  юм. Арга хэмжээний гол зорилго нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад чанар, чанарын дэд бүтцээр хэрхэн дэмжлэг үзүүлэх, олон улсын чиг хандлагатай нийцэж ажиллахад анхаарал хандуулдаг.

    Түүнчлэн чанарын төлөө эрмэлзэл, зорилготой ажиллаж байгаа аж ахуй нэгж, байгууллага, хувь хүмүүсийн ажлын ололт амжилтыг дүгнэдэг бөгөөд тэдний санал бодлыг сонсох, харилцан мэдээлэл солилцож, засгийн газрын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны мэдээллийг чуулганд оролцогчдод хүргэдэг.

    Энэ жилийн Чанарын чуулганыг онцлох нэг зүйл бол илтгэл мэдээллүүд дээрээ бид нилээд анхаарал хандуулж байгаа. Учир нь шинэчлэн батлагдсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон түүнтэй холбогдох дүрэм журмуудыг аж ахуй, нэгж байгууллагуудад таниулах, экспортод гарч байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрөл хамрах хүрээг өргөтгөхөд хэрхэн ажиллаж байгаа зэрэг асуудлуудаар мэдээлэл хийж, хэлэлцэх юм. 

    - Дэлхий нийтээрээ чанар, аюулгүй байдлын талаар ярих болсон. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын хувьд худалдааг дэмжих талаар ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? 

    - Стандарт, хэмжил зүйн газар нь  дотоодын үйлдвэрийн болон экспортийн бүтээгдэхүүний  чанар, аюулгүй байдал нь холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад тохирч байгааг, мөн олон улсын дэвшилтэт удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлснийг тохирлын баталгаажуулалтаар нотлох үйл ажиллагааг явуулдаг.

    Мөн 2018 онд нэг томоохон үйл явдал болсон нь Монгол Улс IAF (Олон улсын итгэмжлэлийн форум)-д нэгдэн орсон явдал юм. Энэ бол манай бизнес эрхлэгчид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн лого бүхий гэрчилгээ хэрэглэх, улмаар өрсөлдөх чадвар нь дээшилж заавал гадаадын өндөр үнэтэй Баталгаажуулалтын байгууллагаар үнэлгээ хийлгүүлэх шаардлагагүй болж байгааг цохон дурдахад таатай байна.

    - Арга хэмжээний үеэр Үндэсний чанарын шагналыг олгодог шүү дээ. Чанарын шагнал авсан байгууллагуудад ямар давуу тал үүсэх вэ?

    - “Үндэсний чанарын хөтөлбөр”-тэй уялдуулан Стандарт, хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран энэхүү шагналыг жил бүр олгож байхаар болсон.

    Уг шагналын зорилго нь хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн, үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын болон бусад удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулан олон нийтэд сурталчилан таниулахад оршиж байгаа юм.  

    Шагнагдсан байгууллага журмын дагуу үндэсний чанарыг шагналыг илэрхийлэх таних тэмдгийг холбогдох хууль тогтоомжийн шаардлагын хүрээнд зар сурталчилгаа, хэвлэмэл хуудас, бүтээгдэхүүний хаяг шошго, сав баглаа боодолд загвар хэмжээсийн дагуу томруулах буюу багасгаж хэрэглэж болно гэсэн байгаа. Энэхүү таних тэмдэг нь тухайн байгууллагыг чанартай, аюулгүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж буйг илэрхийлж байна гэж иргэд маань бүрэн ойлгож болно.

    Latest 150
    Latest 150