• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг CACCI-ын дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо
    11/27/2018

    Aзи Номхон Далайн Орнуудын Худалдаа Аж үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбооны (CACCI) 32 дахь бага хурал Туркийн Истанбул хотноо “Ази Тив: Хил хязгаарыг өргөжүүлэх нь” сэдвийн дор энэ сарын 23-24-нд болж өндөрлөлөө.

    Бүс нутгийн 27 орны танхимын 500 гаруй төлөөлөгч бизнесийн болон Засгийн газрын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өнөөгийн зах зээлийн орчин дахь бизнест учирч буй саад бэрхшээлийг даван туулах, бүс нутгийн болон дэлхийн зах зээлд бий болсон боломжуудыг үр ашигтайгаар ашиглах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

    Бага хурлын үеэр CACCI-ын 90 дэх удаагийн Зөвлөлийн хурал болж уг хурлын шийдвэрээр МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Туркийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбооны (ТОВВ) Ерөнхийлөгч М. Рифат Хисаржыклыоглу нарын хамт CACCI-ын дэд Ерөнхийлөгчөөр улиран сонгогдов.

    Мөн уг бага хурлын үеэр Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, Туркийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч М. Рифат Хисаржыклыоглу нарын санаачилгаар Турк Монголын хамтарсан танхим байгуулахаар тохиролцож, хоёр тал Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү танхимын даргаар “Наран” группын ТУЗ-ийн дарга С.Болдхэт ажиллахаар болов.

    Хурлын хүрээнд С.Болдхэт “Монголын ЖДҮ-ийн ач холбогдол” сэдвээр, “Монгол Эм Импекс Концерн” ХХК-ийн захирал Б.Болормаа эрүүл мэнд, боловсролын сэдвээр илтгэл тавилаа.

    Latest 150
    Latest 150