• MN
  • EN
  • CN
  • RU
  • М.Сарандаваа: Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд бизнесийн зөвлөх үйлчилгээ чухал үүрэгтэй
    12/03/2018

    “Монгол Улсын зөвлөх үйлчилгээний зах зээл” сэдэвт үндэсний зөвлөхүүдийн чуулган, зөвлөх үйлчилгээний аж ахуй нэгж компанийн үзэсгэлэн өнөөдөр “Блю Скай” зочид буудалд боллоо.

    Чуулга уулзалтыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (ЕСБХБ) дэмжлэгтэй, Европын Холбооны (ЕХ) санхүүжилттэй зохион байгуулсан бөгөөд энэ чуулга уулзалтын нээлтэд ЕСБХБ-ны Жижиг дунд бизнесийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэх менежер С.Байгалмаа, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан нар үг хэлэв.

    МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Зөвлөх Үйлчилгээний талаар танилцуулга хийв. Тэрбээр Монгол дахь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн өнөөгийн байдлын талаар танилцуулан, бичил бизнесийг урагшлуулах олон тооны бодлогын бичиг баримт батлагдсан боловч өнгөрсөн 20-н жилийн хугацаанд мэдэгдэхүйц ахиц гарахгүй байна” гэв. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжилд бизнесийн зөвлөх үйлчилгээний үүрэг их байгааг онцлон, Монголын аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих үүднээс МҮХАҮТ, Монголын Маркетингийн Холбоотой хамтран өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 200 гаран компанид маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэдгийг хэлэв.

    Чуулганы үеэр Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбооны гүйцэтгэх захирал Б.Хангай “Зөвлөх үйлчилгээний тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэл тавив. Энэхүү илтгэлийн дараа “Монгол дахь зөвлөх үйлчилгээний зах зээлийн хөгжил” сэдэвт панел хэлэлцүүлэг явагдав.

    Арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан үзэсгэлэнд менежментийн зургаан чиглэлийн 25 байгууллага, аж ахуй нэгж өөрсдийн үйлчилгээгээ танилцууллаа.

    Latest 150
    Latest 150