• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол, Энэтхэгийн харилцаа өргөжиж байна
    12/12/2018

    Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх гүүр болох зорилго бүхий “Энэтхэг улстай хамтран ажиллах бизнесийн боломжууд” сэдэвт уулзалт семинар МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Энэтхэг Улс манай улсын оюун санааны хөрш бөгөөд Стратегийн түнш улс болохыг онцлоод гуравдагч хөрш Энэтхэг Улстай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг,  хоёр талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

    Уулзалт семинарын үеэр Монгол, Энэтхэг Улс хоорондын Эм зүйн салбар дахь хамтын ажиллагаа, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсрол, аялал жуулчлал, бизнесийн салбарт ажиллах боломжуудын талаар Энэтхэг Улсын Элчин Сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Д.К.Мохапатра, “Элит” олон улсын дунд сургуулийн сургалтын менежер Эдуард Бенедикт, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн туслах Г.Нямжаргал нар илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

    Монгол, Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагаа эрт дээр үеэс улбаатай. Ялангуяа буддын шашинд тулгуурласан хоёр орны харилцаа олон жилийн түүх, уламжлалтай. Орчин цагт хоёр улсын дипломат харилцаа 1955 оноос эхэлсэн байдаг. 

    Энэтхэг бол том эдийн засагтай улс орнуудаас хурдацтай хөгжиж буй орны нэг. Нэг хүнд ногдох худалдан авах чадвараараа дэлхийд дөрөвт жагсдаг. Монгол Улсын голлох бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, төмөр, алт, ноолуур, хивс зэрэг бүх бүтээгдэхүүнийг Энэтхэг улс гаднаас импортолж авдаг. Энэтхэгийн энэ том зах зээлийг Монголын бизнесменүүд нээн,  тэдэнтэй хамтран ажиллах боломжууд бий. 

    Манай улсаас ихэвчлэн самнасан ноолуур, хонины ноос  экспортод гаргаж, цагаан будаа, элсэн чихэр, нийлэг мяндсан болон хөвөн даавуу, эм, эмийн бүтээгдэхүүн, хүн, амьтны цус, цусны фракц, дархалсан ийлдэс, вакцин, токсин, автомашин импортоор авч байна.

    Latest 150
    Latest 150