• MN
  • EN
  • CN
  • RU
  • ОНЦЛОХ АЖ АХУЙ НЭГЖИЙН АЯЛАЛ “НОМИН ХОЛДИНГ” ХХК-Д БОЛЛОО
    12/13/2018

    “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан аж ахуйн нэгжийн ажлын амжилт туршлагыг МҮХАҮТ-ын гишүүн байгууллага, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, цаашид гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох зорилготой ээлжит аялал “Номин Холдинг” ХХК-д зохион байгууллаа.

    Энэ удаагийн аялал энэ оны хамгийн сүүлийн аялал байсан бөгөөд  8 компанийн 14 төлөөлөгч оролцов.

    1992 онд “Номин-5” ХЭАА нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан “Номин Холдинг” ХХК өргөжин хөгжсөөр өнөөдрийн байдлаар худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын чиглэлээр 12 охин компани, таван мянга гаруй ажилтан, ажиллагсадтай болтлоо өргөжин тэлжээ.

    Орон сууцны хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий NCD Группын “Ривер гарден” болон “Garden City” хотхонтой танилцсанаар энэ удаагийн аялал эхлэв. 2010 онд NCD Групп тансаг зэрэглэлийн барилга орон сууцны төслөө эхлүүлсэн ба “Ривер гарден” хотхон нь эзэмшил газрынхаа 70 хувиас багагүй талбайг ногоон байгууламжид зориулж интерьер дизайны өвөрмөц шийдлийг бий болгожээ. Одоогийн байдлаар “Ривер гарден” хотхон 2 дугаар ээлжийнхээ захиалгыг авч эхлээд байгаа бөгөөд 2020 хүртэл энэхүү орон сууцны төсөл үргэлжлэх аж. Түүнчлэн “Ривер гарден” хотхон нь 2017-2018 оны Интернэшнл Проперти Авардс болон Таван одтой шилдэг интерьер дизайнтай орон сууцны шагнал хүртсэн байна.

    Үүний дараагаар аялалын бүрэлдэхүүн Хан-Уул дүүрэгт байрлах “Номин Мишээл” барилгын хайпермаркеттай танилцлаа.

    “Номин Мишээл” ХХК нь барилгын салбартаа хамгийн том дотор заслын материалыг импортлогч, ханган нийлүүлэгч болж олон улсын стандартад жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлдэг болохыг зорьж байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Төгөлдөр хэлэв.

    Мөн тэрбээр “Манай хэрэглэгчид, барилгын материал хайж буй иргэд тохилог, олон улсын жишигт нийцсэн газраар үйлчлүүлэх цаг болсон. Тиймээс бид талбайдаа борлуулж буй бүтээгдэхүүнүүдээ шоурүүмд тохижуулж хэрэглэгчид сонгосон бараагаа илүү хялбар байдлаар нэг дороос авахад нь тус нэмэр болж байгаа юм. Бид НӨАТ-ын баримтыг олгодог учраас аливаа компани, аж ахуй нэгжид худалдан авалтын баримтын асуудал гарахгүй” гэсэн юм.

    “Номин Юнайтед” оффистой танилцсаны дараа “Номин холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, зөвлөх, Монгол Улсын Худалдааны гавъяат ажилтан А.Шагдарсүрэн оролцогч компаниудын төлөөлөгчдийг хүлээж авч уулзан “Номин Холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулсан түүхээсээ хуваалцав. 

    Latest 150
    Latest 150