• MN
  • EN
  • CN
  • RU
  • ШИЛДЭГ ААН-ҮҮД ТУГАА МАНДУУЛАВ
    01/16/2019

    МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг онцлох аж ахуй нэгжийн хүндэтгэлийн туг өргөх ёслол боллоо. Аж ахуйн нэгж, бизнес  эрхлэгчдийн хийсэн бүтээснийг алдаршуулан өргөмжилдөг “Энтрепренер” шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас Гранпри шагнал хүртсэн болон оны онцлох аж ахуйн нэгжээр шалгарсан арван компанийн  лого бэлгэдэл бүхий тугийг МҮХАҮТ-ын гадна бүтэн жилийн турш мандуулж тэдгээр компаниудад хүндэтгэл үзүүлдэг.

    Өнөөдөр тугаа мандуулж буй компаниуд эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалд ажлын байрыг хадгалж, компанийн нийгмийн хариуцлага болон бүхий л үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлтээрээ өөрийн салбартаа манлайлжээ. Хэрэглэгч, харилцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн өөрчлөлт шинэчлэлт, хөрөнгө оруулалтуудыг хийж, шинэ техник технологи ноу хау нэвтрүүлж, нийгмийн хариуцлагаа амжилттай хэрэгжүүлсэн онцлох аж ахуйн нэгжийн төлөөллүүд ийнхүү тугаа  өргөв.

    Компани, аж ахуйн нэгжүүдийн хийморь лундаа өөдөө дээшээ байг гэх үүднээс туг мандуулах ёслолыг монгол түмний уламжлалт цагаан сарын өмнө зохион байгуулж байна. Танхимаас шилдэг аж ахуйн нэгжүүдийн тугийг мандуулахын сацуу сайн туршлагыг нь олон нийт, бусад компани, бизнес эрхлэгчдэд сурталчлах, таниулахад анхаарч ажилладаг юм. 

    2018 оны ололт амжилт, үр дүнгээ үнэлүүлж оны онцлохоор шалгарсан дараах ААН-үүд  хүндэтгэлийн тугаа мандуулав

    Гран При шагнал – 1 аж ахуй нэгж
    1.  СҮҮ ХК

    Оны онцлох 10 ААН:
    1. Эрдэнэт үйлдвэр ХХК 
    2. Мера ХХК
    3. М Си Эс Кока Кола ХХК
    4. Мобиком
    5. Хаан банк ХХК
    6. Оюу толгой ХХК
    7. Тэсо ХХК
    8. Номин холдинг ХХК
    9. Энержи ресурс ХХК
    10. Монцемент билдинг материалс ХХК

    Энэ үеэр “Энтрепренер 2018” ёслолын ажиллагааны Гранпри шагнал хүртсэн “Сүү” ХК-ийн дэд захирал М.Болодоос сэтгэгдлийг нь сонслоо.

    - Монгол Улсын ууган үйлдвэр Сүү Хувьцаат компанийн хувьд 2018 онд түүхт 60 жилийн ой тохиосноос гадна амжилт бүтээлээр дүүрэн нөр их ажлын жил байсан бөгөөд МҮХАҮТ-ын “Энтрепренер-2018” шалгаруулалтаас Алтан Меркури буюу ГРАН ПРИ шагналыг хүртсэн билээ.

    Бидний хувьд өнгөрөгч онд  үйл ажиллагааны үндсэн тулгын чулууг түшилцэн байдаг хэрэглэгч, ажилчид, харилцагчид болон бэлтгэн нийлүүлэгчиддээ чиглэсэн олон ажлуудыг авч хэрэгжүүлсэн бөгөөд үйлдвэрлэлдээ томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж, 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр зах зээлд гарган хэрэглэгчиддээ өргөн барисан. Бэлтгэн нийлүүлэгчдээс 2018 онд нийт 18,1 сая л сүү татан авч, 2500 гаруй малчид фермерүүдийн орлогын эх үүсвэрт жинтэй хувь нэмрээ оруулан ажиллалаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд бид энэ оныг хүүхэд, эмэгтэйчүүд, эрүүл мэндийн боловсролд чиглэсэн томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх жил болгон, нийгэм олон нийт рүү чиглэсэн олон ажлыг авч хэрэгжүүлсэн. Түүнчлэн хөрөнгийн зах зээлд хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 4,47 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж, 7,05 тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлтийг хийлээ. 2018 оны амжилтаа бататгаж, Монголын хүнсчдийн холбооны “Ард түмний хүнс-2019” шагналыг “Миний Монголын сүү” бүтээгдэхүүн хүртсэн.

    Энэ дашрамд 60 жилийн түүхт “Сүү” хувьцаат компанийн үйл ажиллагааны үндсэн тулгын чулууг түшилцэн байдаг эрхэм хэрэглэгч, ажилчид, сүү бэлтгэн нийлүүлэгч болон харилцагч та бүхэндээ баярлалаа гэдгээ хэлье.

    Latest 150
    Latest 150