• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол-Беларусийн гадаад худалдааны эргэлт 22 хувиар нэмэгджээ
    01/29/2019

    МҮХАҮТ, Беларусийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Монгол-Беларусийн бизнес уулзалт зохион байгууллаа. 

    Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, БНБУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурной, Беларусийн худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Минскийн салбарын эдийн засгийн гадаад харилцаа хариуцсан орлогч дарга Дубова Татьяна Ярославовна болон тус улсын бизнес эрхлэгчид, ААН компаниудын төлөөлөл оролцов. 

    Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүнсний компаниуд тухайлбал, манай улсад техник, тоног төхөөрөмжөө нийлүүлдэг ачаа, зорчигч тээвэр, чиргүүлийн техник, автомашины эд анги, тусгай зориулалтын техник үйлдвэрлэдэг “Белавтомаз” холдингийн удирдагч компани-“Маз” ХХК“, “Гомсельмаш” ХХК, “Шахтоспестрой трест” ХХК зэрэг 10 гаруй компани, Монголын талаас “Гацуурт” ХХК, 2-р дугаар Дулааны Цахилгаан станц, Барилга хот байгуулалтын яам, “Хасу Мегаватт” группийн төлөөлөл оролцож бизнес, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

    Уулзалтад оролцсон монголын компаниуд хүнсний бүтээгдэхүүн авах ялангуяа тээврийн асуудлуудыг хөндөв. Хоёр улсын хооронд техник, тоног төхөөрөмжийн тээвэрлэлт нэлээд бэрхшээлтэй байдаг талаар бизнес эрхлэгчид ярьсан юм.

    Тухайлбал, Увс аймгийн Тэс суманд махны үйлдвэр баригдан, үйл ажиллагаагаа эхлээд байгаа ч тээвэрлэлтийн асуудлаас болж үйлдвэрлэл удаашраад байгаа аж. Махаа экспортлох, Беларусаас тоног төхөөрөмжөө авах зэрэгт ч тээвэрлэлтийн асуудал байнга тулгардаг байна. Тус үйлдвэр тоног  төхөөрөмжөө Красноярскаас авах гэрээ хийжээ. Красноярскаас Улаанбаатар хүртэл 2500 километр, Улаанбаатараас Увс аймаг руу явахад 1500 км, нийтдээ 4000 км зам туулдаг. Харин Увс аймгаас Красноярск руу 1000 км зам туулаад төхөөрөмжөө оруулах боломжтой байдаг талаар бизнес эрхлэгчид хэлээд, хоёр талын Танхимууд энэ тал дээр дэмжлэг үзүүлж, төр засгийн байгууллагуудад уламжлан бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад туслахыг хүслээ.

    Өнгөрөгч оны байдлаар Монгол-Беларусийн гадаад худалдааны эргэлт 13 сая ам.доллар болсон нь өнгөрсөн жилийнхээс 22 хувиар нэмэгджээ. Цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлагатай аж. Хоёр талын Танхимууд худалдаанд энэ мэтээр тээвэрлэлтийн бэрхшээл гарах магадлалтай тул цаг алдалгүй шийдэхийн төлөө ажиллая гэдэгт санал нэгдлээ.

    Мөн үеэр МҮХАҮТ болон Беларусийн ХАҮТ-ын хамтын ажиллах гэрээг үзэглэлээ. Танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш хэлэхдээ, “МҮХАҮТ, БНБУ-ын ХАҮТ-тай хамтын ажиллагааныхаа гэрээг шинэчилж байна. Хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, шинэ компаниудтай харилцаа холбоогоо өргөтгөх боломжууд гарч байгаа юм. Тиймээс 2 Танхим, хоёр улсын Элчин сайдын яамд хамтран хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх талаас нь цогц ажлуудыг зохион байгуулах ёстой. Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бидэнд маш их боломж бий. Тухайлбал, Беларусь Улс хүнс, хөдөө аж ахуйн салбарт ОХУ-тай хамгийн амжилттайгаар экспорт хийж байгаа орон. Манайх бүтээгдэхүүнээ Беларусь руу нийлүүлэх, Беларусийн техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх боломж бий. Энэ талаарх гэрээ хэлэлцээр хийгдэж байна” гэлээ.

    Монгол Улс ОХУ, БНХАУ-ын дараагаар Беларусь улстай идэвхтэй тээвэрлэлт хийдэг. Хоёр улс жилдээ ачаа, зорчигч тээврийн 200 гаруй зөвшөөрлийн бичиг солилцож, 50 орчим хувь нь л ашиглагддаг байсан бол 2016 оноос тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэж, 2018 онд 625 зөвшөөрлийн бичиг солилцон идэвхтэй ажиллаж байна.

    Latest 150
    Latest 150