• MN
  • EN
  • CN
  • RU
  • Д.Оюунхорол: Тендер авдаг томоохон компаниудын бүлэглэл бий болсон
    02/20/2019

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.

    Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь цахим худалдан авах ажиллагааны иж бүрэн зохицуулалтыг бий болгох, ногоон худалдан авалт, худалдан авах ажиллагааны шуурхай, ил тод байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг шинэлэг дэвшилттэй арга замыг санал болгожээ. Харин УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, худалдан авах ажиллагаанд чанарын үзүүлэлтийг гол болгох зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

    Энэ үеэр хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол товч мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Засгийн газраас өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байгаа. Манай ажлын хэсэг Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд нэмж тусгах олон асуудал байна гэж үзэж байгаа. Харамсалтай нь, өргөн барьсан төслөөс гадуурх зохицуулалтуудыг нэмж оруулах боломжгүй учраас шинэчилсэн найруулгын хэмжээнд ярилцах шаардлагатай байна. Тиймээс энэ хуулийн төслийг Засгийн газарт буцааж шинэчилсэн найруулгын хэмжээнд боловсруулан оруулж ирэхийг шаардах, эсвэл УИХ-ын гишүүд өөрсдөө өргөн барих гэсэн хоёр хувилбарын аль нэгийг сонгоно гэсэн бодолтой байна. Тендер хариуцлагагүй зохион байгуулсан төрийн албан хаагчтай хэн яаж хариуцлага тооцдог байх нь тодорхойгүй байна. Зөрчлийн тухай хуулиас тендерийн сонгон шалгаруулалтын зөрчлийг аваад хаячихсан. Энэ мэт алдаа байгаа учраас засаж залруулах шаардлагатай. Мөн бага үнийн саналаар тендерийг сонгон шалгаруулдаг тогтолцоог бүхэлд нь өөрчлөх ёстой гэж үзэж байгаа. Хамгийн гол нь мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй, ТЭЗҮ-ээ боловсруулсан, тухайн ажлыг үнэхээр хийх чадвартай багт нь өгдөг байх ёстой. Гэтэл үүнийг хэвээр хадгалахаар хуулийн төслөө оруулж ирсэн. Бид үүнийг зөвшөөрөхгүй. Тендертэй холбоотой хардлага нийгэмд маш их бий. Үүний цаана авлигал байна гэж үздэг. Тендер авдаг томоохон компаниудын бүлэглэл бий болсон. Энэ компаниуд ямар ч ажил хийхгүй дундаас нь хувь аваад суудаг. Жинхэнэ ажил хийж байгаа аж ахуйн нэгжид тендерийн үнийн дүнгийнх нь 70 хувь л очдог. Энэ компани нь өөрөө бас ашиг олох хэрэгтэй болно. Ингэхээр төсвийн хөрөнгө оруулалт үр дүнгүй урсаж, бүтээн байгуулалтын ажил чанаргүй болж байна. Мөн тендерийн маргааныг шуурхай шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Зарим оролцогч нь тухайн тендерээ хүчингүй болгох зорилгоор гомдол гаргадаг. Томоохон аж ахуйн нэгжүүдийг шантаажилж, авлига авахын тулд гомдол гаргадаг гэсэн мэдээлэл ч бий” гэлээ.

    Тендерийн хуульд өмнө нь 23 удаа өөрчлөлт оруулж байсан. Одоо 24 дэх удаагаа өөрчлөлт оруулах гэж байгаа хэр нь үндсэн агуулгыг нь өөрчлөхгүй байгаад ажлын хэсэг хариуцлагатай хандана гэдгээ ч Д.Оюунхорол илэрхийлэв.

    Авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, нээлттэй ил тод цахим засаглалыг бэхжүүлэн хөгжүүлэх, иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүртээмжтэй хүргэх зорилгоор цахим худалдан авах ажиллагааны ойлголтыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь улам өргөжүүлэх үүднээс цахим худалдан авах ажиллагаатай холбоотой зохицуулалтыг дэлгэрүүлж, худалдан авах ажиллагааны шуурхай зохион байгуулалтыг хангах зорилгоор урьдчилан худалдан авах ажиллагаа, байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих зорилгоор ногоон худалдан авах ажиллагааг хуулийн төсөлд тодорхойлж, холбогдох заалтыг нэмсэн болохыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт илтгэлдээ дурдав.

    Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хуулийн холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгож, зохих өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үүднээс тендерийн хүчинтэй байх хугацааг багасгасан гэж төсөл санаачлагчид танилцуулгадаа дурджээ. Мөн барьцаа төлбөр байршуулж гомдол гаргах, гомдол нь үндэслэлтэй бол барьцаа төлбөрийг буцаан олгох зохицуулалтыг нэмж тусгасан бөгөөд ингэснээр үндэслэлгүй гомдол гаргах явдал буурна гэж үзжээ. 

    Хуулийн төслийн талаар өмнө нь олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд тендер зохион байгуулах, үнэлгээний комиссын үнэлгээ, тендерт ялагдсан компани нь шүүхдэж, төрийн худалдан авах ажиллагааг гацаадаг байдал сүүлийн хэдэн жил үргэлжилж буй. Зөвхөн 2018 онд төрийн худалдан авах ажиллагааны 30 хувийн санхүүжилтийг олгож, үлдсэн 70 хувь нь буцаагдсан байна. Энэ нь төрийн худалдан авах ажиллагааг саатуулж, бүтээн байгуулалтын ажил ямар шатанд явааг харуулж байгаа гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Гэхдээ аж ахуй нэгжүүдийн төлөөллийн зүгээс болон УИХ дахь ажлын хэсгийн зүгээс энэ хуулийг Засгийн газар эргүүлэн татаж, шинэчлэн боловсруулж оруулж ирэх ёстой гэж үзэж байгаагаа тодотгосон юм.

    Түүнээс гадна тендерт оролцож буй компаниуд ялагдсаныхаа дараа шүүхэд хандаж, шүүхийн маргаан жил гаруй үргэлжлэх тохиолдол байдаг. Тиймээс хэрэв тендерт оролцсон компани маргаан үүсгэхээр бол тендерийн үнэлгээний нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг байршуулах зэрэг хариуцлагын асуудлыг нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ.

    Хуулийн хэрэгжилтийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлж, энэ хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хангах шаардлагатайг хууль санаачлагчид хэлж байв.

    2005 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль батлагджээ. Энэхүү хууль мөрдөгдсөн хугацаандаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байсан бөгөөд 12 жил хэрэгжих явцдаа 23 удаагийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 200 гаруй заалтыг шинэчлэн баталсан байдаг.

    Хуулийн үзэл санаа, философи нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, шинэ технологи, инновац дээр суурилсан эдийн засгийн бүтээлч тогтолцоог бий болгох төрийн үндсэн үүрэг чиглэлтэй харшилж, ард түмний ажлын байрыг хулгайлах, гадаад улс орнуудын импортын бараа бүтээгдэхүүн Монголын зах зээлд ноёрхох үндсэн нөхцөлийг бүрдүүлэн, дотоодын эдийн засгийн чадавхыг бууруулах ноцтой муу үр дагаврыг бий болгосон нь харамсалтай хууль болсон хэмээн Засгийн газрын дэргэдэх Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн ажлын албаны дарга А.Энхцэцэг хэллээ. 

    Мөн тэрбээр “Тендерийн хуульд дотооддоо үйлдвэрлэсэн аж ахуй нэгжийн бараа, бүтээгдэхүүнийг импортоор авахыг хориглох заалт байдаг. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд худалдан авалт хийхдээ импорт,  дотоодын бүтээгдэхүүнийг нэгтгэсэн зохицуулалтаар явж ирснийг салгаж байгаа. Өөрөөр хэлбэл, дотоодын, импортын гэдэг асуудлыг тусад нь суулгаж байгаа. Чанар стандартын шаардлага хангасан барааны жагсаалт болох 185 нэр төрлийн барааг Засгийн газраас удахгүй батлуулах гэж байна. Энэ батлагдвал тендерийн хуулийн ерөнхий  гэрээний дагуу 1 болон түүнээс дээш гурван жил хүртэлх хугацаанд бараа бүтээгдэхүүн худалдан авч болно гэдэг заалт хэрэгжих боломж бүрдэх юм. Энэ нь ажлын байр тогтвортой хадгалах, дотоодын бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, дотоодын компаниуд төрийн худалдан авалтад оролцох боломжууд нэмэгдэх боломжтой юм. Түүнээс гадна үнэлгээний хорооны дүгнэлтийг шилэн болгох, тухайн аж ахуй нэгжийг оролцуулах эсвэл мэргэжлийн холбоодыг оруулах зэрэг үнэлгээний хорооны шалгалтыг чанаржуулах шаардлагатай. Мөн судалгаагүй, зураг төсөвгүй барилга барих компанийг тендерт оруулдаг. Гэтэл үүнээс болж 70 хувийн боломж алдагдаж, төрийн худалдан авалтын 70 хувийн санхүүжилт буцаагдаж байгаа нь улсын төсвийн үр ашиггүй төлөвлөлтийн тод жишээ юм” гэв.

    Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол уг хуулийн төслийг сайжруулах, худалдан авах ажиллагааны чиглэлээр Засгийн газар, УИХ-ын цаашдын бодлого, шийдвэрт тусгалаа олно гэдгийг онцоллоо.

    Latest 150
    Latest 150