• MN
  • EN
  • CN
  • RU
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД
    02/25/2019

    МЭДЭГДЭЛ

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан,
    Татварын багц хуулийн төслийг
    хэлэлцүүлэх тухай

    Бизнес эрхлэгчдийн зүгээс өнгөрсөн намрын чуулганаар Улсын Их Хурлын гишүүдийг татварын шинэчлэлд онцгой ач холбогдол өгч, Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж, батлагдахыг ихээхэн хүлээсэн боловч, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан, хойшилсонд сэтгэл дундуур байна.

    МҮХАҮТ нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд татварын эрх зүйн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийг татвар төлөлтөд жигд хамруулахад анхааран Монгол Улсын Засгийн газартай хамтран Татварын багц хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийг хийж, “Монгол Улсын Татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол судалгаа”-г гаргаж, цаашлаад бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн бодлого боловсруулагч нарт хүргүүлж ажилласан. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар УИХ-ын Төсвийн Байнгын хорооны Татварын багц хуулийг УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсэгт ажиллаж байна.

    Татварын орчны шинэчлэлийн ажлыг 2007 онд 4/10-ын шатлалаар эхлүүлж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, НӨАТ-ын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай зэрэг хуулиудыг батлан хэрэгжүүлснээр татварын суурь бааз бүрдэх эхлэл болсон. 2018 онд бизнес эрхлэгчид улсад 8.2 их наяд төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж, төлөвлөснөөс 29 хувь буюу 1.8 их наядаар давж биелүүлсэн байна. Мөн ААНОАТ-ыг өмнөх оныхоос 33 хувь, ХХОАТ-ыг 22 хувиар давж төвлөрүүлж, нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа ашигтай гарлаа. Энэхүү татварын шинэчлэлийн ажлыг бүрэн гүйцэд хэрэгжүүлэхэд Татварын багц хуулийн төслийг батлах ажил үлдлээ.

    Татварын багц хууль, тэр дундаа ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд  аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг татвар төлөлтөд жигд хамруулах, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош бол татварын хөнгөлөлт үзүүлэх, тайланг цөөрүүлэх, орлогын татвар ногдуулах босгыг 6.0 тэрбум төгрөг болгох, гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах зэрэг эрс шинэчлэл, өөрчлөлт хийх олон таатай заалтуудыг тусгасанд бизнес эрхлэгчдийн зүгээс ихээхэн дэмжиж байгаа болно.

    Монгол Улсын Засгийн газраас МҮХАҮТ-тай хамтран татварын багц хуулийн төслийг олон удаа бизнес эрхлэгчдэд танилцуулж, хэлэлцүүлсэн. Хамгийн сүүлд буюу 2 дугаар сарын 18-ний өдөр УИХ-ын Байнгын хорооны ажлын хэсэг МҮХАҮТ-тай хамтран Татварын багц хуулийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр оролцсон бизнесийн том, жижиг, дунд аж ахуйн нэгжийн төлөөлөл хүлээлт үүсгээд байгаа тус хуулийг яаралтай хэлэлцэн батлахыг дахин шаардсан. Иймд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан, Татварын багц хуулийг хэлэлцүүлж, араас нь гарах 40 гаруй дүрэм, журмуудад яаралтай өөрчлөлт оруулж, эхлүүлэх хэрэгтэй байна.

    МҮХАҮТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ТЭРГҮҮЛЭГЧИД
    2019.02.25

    Latest 150
    Latest 150