• MN
  • EN
  • CN
  • RU
  • Төсвийн тодотгол, татварын асуудлаар бизнесийнхэн дуу хоолойгоо хүргэлээ
    05/09/2017

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2016 оны төсвийн татварын орлого төлөвлөснөөс 487,1 тэрбум төгрөгөөр түүний дотор нэмэгдсэн өртгийн албан татварын орлого өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 70.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ба сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн байна. Мөн 2017 оны эхний 3 сард татварын орлого 30%-иар давж биеллээ. Үүнээс дүгнэхэд татварын эрх зүйн орчны шинэчлэлийн системийн эхлэл тавигдаж, үр дүнд нь эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч төсөвт төвлөрөх татварын орлого зөвхөн 2016 оны 1 сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 800 тэрбум төгрөгөөр давсан байна.

    Ийнхүү татварын суурь өргөжиж, татварын орлого бүрдүүлэхэд нааштай үр дүн гарч байгаа энэ үед Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэх, түүнчлэн 2016 оны намрын чуулганаар хэлэлцүүлж байсан татвар нэмэх асуудлыг Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх нэрийн дор 2017 оны төсвийн тодотголтой хамт УИХ-д өргөн барьж байгаатай холбогдуулан бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд МҮХАҮТанхим, түүний гишүүдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлан үгээ хэллээ. Тэд төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс огт нэмэгдүүлэхгүй байх, төрийн захиргааны албан хаагчдийн тоог 20%, үйлчилгээний албан хаагчдийн тоог 10%-иар тус тус бууруулах, Нийгмийн даатгал, Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байхыг шаардан эдгээр асуудлууд дээр өөрсдийн саналаа хэллээ. Мөн монгол хүний насжилт, салбарын онцлог, ажлын байрны нөхцөл, тогтвортой байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй гэдгийг хэллээ. Улсын Их Хурал 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гарган дээрх шаардлагуудыг судлан шийдвэрлэхийг холбогдох төрийн байгууллагуудаас шаардлаа. Бизнес эрхлэгчдээс тавьж байгаа эдгээр шаардлагуудыг хүлээн авч нааштай шийдвэрлээгүй тохиолдолд 2017 оны 4 сарын 10-нд төлөх 3 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татвар, 4 сарын 15-нд төлөх 1 дүгээр улирлын ААНОАТ, 5 сард төлөх 4 дүгээр сарын Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байхыг нийт аж ахуйн нэгжүүдэд уриалахаа мэдэгдлээ.

    Энэхүү хэвлэлийн бага хурлаас тодорхой асуудлуудаар МЭДЭГДЭЛ гарган УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүдэд хүргүүлэх ажээ.

    Latest 150
    Latest 150