• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ-ЫН XX ИХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОГДЛОО
    03/01/2019

    МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал 2019 оны 2 дугаар сарын 28-нд СТО-нд амжилттай зохиогдож, 2015-2018 оны тайланг хэлэлцэж, энэ хугацаанд ажилласан Удирдах зөвлөл, Гүйцэтгэх багийн үйл ажиллагааг  дүгнэн ирэх жилүүдийн зорилтоо тодорхойллоо.

    Энэ удаагийн хуралд Танхимын гишүүн ААН, орон нутаг дахь салбар танхимуудын төлөөлөл нийт 820 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд МҮХАҮТ-ын дүрэмд өөрчлөлт оруулах, Танхимын Удирдах зөвлөлийг шинэчлэн сонгох, Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгчийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.

    Танхимын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргын сонгуульд О.Амартүвшин, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, Б.Лхагважав, С.Түмэнгэрэл гэсэн таван хүн нэрээ дэвшүүлснээс нэр дэвшигч С.Түмэнгэрэл нэрээ татаж, санал хураалтаар хамгийн олон буюу 259 төлөөлөгчийн саналаар “UFC групп”-ийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин сонгогдлоо. Бусад нэр дэвшигч болох МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав 127, “Ард” санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг 73, “Буян” ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан 25 төлөөлөгчийн санал тус тус авсан юм.

    Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд нийт 52 аж ахуйн нэгж сонгогдож, 21 аймгийн Салбар Танхимын дарга нар ордог бөгөөд тус зөвлөлөөс Танхимын Тэргүүлэгчид болон гүйцэтгэх удирдлагын баг болох МҮХАҮТ-ын дарга, орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгодог дүрэмтэй.

    2019-2022 онуудад Танхимын бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах удирдлагаар сонгогдсон “UFC групп”-ийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн. Тэрбээр, Их хурлын төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “Бизнесийн орчинг мэдрэхгүй, ачааны хүндийг үүрч үзээгүй, улс төр, нам эвслээр явсан гэх мэт Танхимаас хол хөндий хүн энэ суудалд очвол байдал өнөөдрийнхөөс ч дордох эрсдэлтэй. Миний хувьд Танхимтай хориод жил хамтран ажиллаж байна. Бизнесийн эрх ашгийг хамгаалах зорилготой ТББ-уудыг нэгтгэх, үйл ажиллагааны хувьд нэгдмэл болгоход анхаарна. Танхимын хуулийг гадаад улс орнуудын сайн жишгээр Монголын бизнесийн орчинтой нийцүүлж өөрчилнө" гэв.

    Түүнчлэн МҮХАҮТ-ыг судалгааны институци болгож, стратеги судалгаа, зах зээлийг судалдаг, бодлого тодорхойлогчдыг мэдээллээр хангадаг байгууллага болгох зорилтыг тавьж буйгаа мөрийн хөтөлбөртөө тусгасан юм.

    МҮХАҮТ нь энэхүү Их хурлаар дүрэмд нэмэлт өөрчлөлтөд оруулах санал, Ерөнхийлөгчийн санал хураалтыг технологийн шинэ дэвшил ашиглан,  Монголд анх удаа гар утасны аппликейшнаар явуулсан нь цаг хөдөлмөр хэмнэсэн, элдэв будлиан гараагүй, шударга санал хураалтын жишиг болж чадлаа.

    Latest 150
    Latest 150