• MN
  • EN
  • CN
  • RU
  • МЭДЭГДЭЛ
    05/09/2017

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
    УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2016 оны төсвийн татварын орлого төлөвлөснөөс 487,1 тэрбум төгрөгөөр түүний дотор нэмэгдсэн өртгийн албан татварын орлого өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 70.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ба сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн байна. Мөн 2017 оны эхний 3 сард татварын орлого 30%-иар давж биеллээ. Үүнээс дүгнэхэд татварын эрх зүйн орчны шинэчлэлийн системийн эхлэл тавигдаж, үр дүнд нь эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч төсөвт төвлөрөх татварын орлого зөвхөн 2016 оны 1 сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 800 тэрбум төгрөгөөр давсан байна.

    Ийнхүү татварын суурь өргөжиж, татварын орлого бүрдүүлэхэд нааштай үр дүн гарч байгаа энэ үед Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэх, түүнчлэн  2016 оны намрын чуулганаар хэлэлцүүлж байсан татвар нэмэх асуудлыг Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх нэрийн дор 2017 оны төсвийн тодотголтой хамт УИХ-д өргөн барьж байгаатай холбогдуулан бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд МҮХАҮТ дараах санал, шаардлагуудыг хүргүүлж байна. Үүнд:

    1. Төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс огт нэмэгдүүлэхгүй байх. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тодотголоор нийт зарлага ба цэвэр зээлийг батлагдсан түвшнээс 220.7 тэрбум төгрөгөөр нэмсэн байна;
    2. Төрийн захиргааны албан хаагчдийн тоог 20 %, үйлчилгээний албан хаагчдийн тоог 10%-иар тус тус бууруулах. 2012 оноос хойш төрийн албан хаагчдийн тоо ойролцоогоор 15 хувь буюу 24 мянгаар өссөн байна. Мөн төрийн албан хаагчдийн шаардлагагүй зардал, нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмжийг зогсоох;
    3. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх. Эдийн засаг хямралтай, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого буурсан хүнд нөхцөл байдалд НДШ-ийг нэмэгдүүлэх нь ажлын байр буурах, улмаар ядуурал ихсэх нөхцөл болно;
    4. Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх;  
    5. Тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зарим барааны үнэ тогтворжуулах нэрийн дор зах зээлийн зарчмаар тэгш, шударга өрсөлдөх боломжийг хааж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үзүүлэхгүй байх;
    6. Онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй байх;
    7. Төсвөөс татаас авдаг, алдагдал өндөртэй төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх;
    8. Тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо, судалгаатай хандан шийдвэр гаргах. Энд баталгаатай ажлын байртай төрийн 183 мянга гаруй албан хаагчдийн тэтгэврийн насыг нэмэх асуудлыг төр өөрөө мэдэж зохицуулах боломжтой ч чөлөөт зах зээлд ажиллаж байгаа 1 сая гаруй иргэд баталгаагүй, тогтворгүй ажлын байранд ажилладаг гэдгийг онцгойлон анхаарах шаардлагатай. Мөн монгол хүний насжилт, салбарын онцлог, ажлын байрны нөхцөл, тогтвортой байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй.

    Иймд Улсын Их Хурал 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гарган дээрх шаардлагуудыг судлан шийдвэрлэхийг УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын эрхэм гишүүдээс шаардаж байна.

    Бизнес эрхлэгчдээс тавьж байгаа эдгээр шаардлагуудыг хүлээн авч нааштай шийдвэрлээгүй тохиолдолд 2017 оны 4 сарын 10-нд төлөх 3 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татвар, 4 сарын 15-нд төлөх 1 дүгээр улирлын ААНОАТ, 5 сард төлөх 4 сарын Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байхыг нийт аж ахуйн нэгжүүдэд уриалахаа мэдэгдэж байна.

    МҮХАҮТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ТЭРГҮҮЛЭГЧИД
    2017.04.05

    Latest 150
    Latest 150