• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Майдар эко хот” төсөлд МҮХАҮТ хамтарна
    03/07/2019

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ХБНГУ-ын “RSАA” компанийн захирал “Майдар эко хот” төлөвлөлтийн багийн удирдагч, ерөнхий архитектор Штефан Шмиц, төслийн удирдагч Л.Баяртуул нарыг хүлээн авч уулзлаа. 

    Уулзалтын үеэр “Майдар эко хот” төлөвлөлтийн багийн удирдагч, ерөнхий архитектор Штефан Шмиц “Майдар эко хот” төслийн талаар болон тус хотын бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллахаар санал солилцов. 

    “Майдар эко хот” төсөл амжилттай хэрэгжсэнээр тус хотод төр, хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах орон зай бүрдэж байгаа. Тиймээс энэхүү төсөлд Монголын бизнесийн төлөөлөл болсон МҮХАҮТ-ын дэмжлэг, оролцоо ихээхэн чухал” хэмээн “Майдар эко хот” төлөвлөлтийн багийн удирдагч, ерөнхий архитектор Штефан Шмиц хэлсэн юм. 

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ “Энэхүү төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Уг төслийн үйл явцтай өмнө нь миний бие танилцаж байсан. Харин өнөөдөр төсөл маань ажил хэрэг болоход бэлэн болж байгаад баяртай байна. Улаанбаатар хотод бий болсон агаар, хөрсний  бохирдлууд гээд олон асуудлыг шийдэж чадахуйц төсөл болсон гэж үзэж байна. Маш том бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Танхимын зүгээс энэхүү төслийн түнш байж, гишүүн байгууллагуудаа уриалан бүтээн байгуулалтад оролцоно гэдэгт эргэлзэхгүй байна. Аливаа зүйлд хууль эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх чухал байдаг. Энэ ч утгаар Танхим хууль эрх зүйн орчныг нь бий болгоход анхаарч, хамтран ажиллах бодолтой байгаа. Миний бие Улаанбаатар хотын Танхимын захирал байхдаа нийслэлийн дагуул хот хөгжүүлэх “Алтан цагариг” хэмээх санааг боловсруулж байсан. Уг санаа ч энэхүү хотын төсөлд давхцаж байгаа нь олзуурхууштай. Майдар хот нь зөвхөн шинэ хот гэхээсээ илүүтэй дэлхийн бурхан шашны төв болох боломжтой гэж би ойлгодог. Шинэ боломж, шинэ бүтээн байгуулалтуудыг бий болгох төсөл хэмээн харж байгаа. Та бүхэнд амжилт хүсье. Бүх талаар хамтран ажиллахад нээлттэй байна” гэлээ. 

    Төлөвлөлтийн багийн удирдагч, ерөнхий архитектор Штефан Шмиц, Ерөнхийлөгч О.Амартүвшинд асуудлын голыг олж харж буйд талархаад, энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ноу хауг нэвтрүүлэх, боловсон хүчний талд анхаарах, мөн хамгийн чухал хууль эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх шаардлагатай. Энэ талд Танхимаас дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. 

    “Майдар эко хот” төлөвлөлтийн багийн удирдагч, ерөнхий архитектор Штефан Шмиц хэлэхдээ “Майдар эко хот” төслийн хувьд Улаанбаатараас 30 км-ын зайд байдаг, дэд бүтцийн холболт сайтай, Хөшгийн хөндийн онгоцны буудал, Налайх болон Зуунмод зэрэг хотуудтайгаа ойр. Эрчим хүчний эх үүсвэр бохир биш, сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан, зам тээврийн хувьд амины автомашинаас татгалзсан, олон төрлийн хөдөлгөөнд орох сонголттой, түгжрэлгүй хот болно. Энд хоноглодог бус, амьдардаг хот болгохын тулд аж үйлдвэрийн бий болгох, хөгжүүлэх шаардлагатай. Эхний ээлжид кино үйлдвэр, барилгын материал болон бусад салбарын үйлдвэрүүд бий болно гэж харж байгаа. Мөн технологийн паркууд, судалгаа шинжилгээний байгууллагууддаа түшиглэн технологи үйлдвэрлэгч компаниуд орон зайгаа эзлэх байх. Монголын компаниудаас тодорхой саналууд ч ирж байна” гэлээ. 

    “Майдар эко хот”-ын ерөнхий төлөвлөгөөнөөс харахад эко хот 110 мянган га талбайтай, 300 мянган оршин суугчтай, их сургууль, музей, сүм, хийд, аялал жуулчлалын байгууламжууд, кино үйлдвэрлэл явуулах орчныг бүрдүүлэх том бүтээн байгуулалт болох юм. Экологид ээлтэй аргуудыг бүрэн ашиглахаар төлөвлөсөн хамгийн том жишээ нь эргэн тойрны уулсаас буух хур борооны усыг цуглуулах, цэвэршүүлэх байгууламжууд баригдаж хиймэл цөөрөм үүсгэн, оршин суугчдын амралт чөлөөт цагийн бүсийг бий болгох аж.

    Сонирхуулахад, Их соён гэгээрүүлэгч анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын 17 дугаар зуунд Майдар бурхны дүрийг 72 см өндөртэй урлан амилуулсан эх загварыг 75 дахин томруулан 54 метр өндөр Майдар бурхны бие лагшныг орчин цагийн урлагийн бүтээл болгон 108 метр өндөр суварган байгууламжийн хамт босгох юм.

    Latest 150
    Latest 150