• MN
  • EN
  • CN
  • RU
  • Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид туршлагаа хуваалцлаа
    03/22/2019

    МҮХАҮТ,  Германы Худалдаа аж үйлдвэрийн Танхимуудын холбоо хоорондын Хамтын ажиллагааны “Нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төсөл, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо хамтран “Ноос боловсруулах үйлдвэрлэлийн өртгийн сүлжээ” арга хэмжээг зохион байгууллаа.

    Уг арга хэмжээний нээлтэд ГХАҮТХ, МҮХАҮТ хоорондын Хамтын ажиллагааны төслийн багийн ахлагч Рольф Шпайт хэлэхдээ “Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ноосон эдлэл үйлдвэрлэгчид, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, орон нутгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл та бүхэнтэй хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаадаа би маш их баяртай байна. 2016 оноос эхлэн “Pro Value” төсөл нь МҮХАҮТ  болон Танхимын Архангай аймаг дахь салбартай хамтарч ажиллаж байна. Мөн ноосны холбоотой хамтран ноосон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг сайжруулах талд хамтран ажиллаж ирлээ. Төслийн зүгээс хөдөө, орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралыг сайжруулахад ихээхэн анхаарч, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үүнээс хонины ноосыг боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох нь орон нутагт ажлын байр, орлогыг нэмэгдүүлэх юм. Мөн мал аж ахуйн орны хувд монголчууд малаас гарах түүхий эдээ хаягдалгүйгээр боловсруулж, нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд гаргах, олон улсын шаардлагад нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэдгээрийн нэр төрлийг олшруулах боломжтой” гэлээ.

    “Pro Value” төслийн багийнхан 2017 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багийн нутагт “Хонь хяргах, угаах загвар төв” байгуулсан юм. Тус төв нь Монголдоо анх удаа баригдсан цогц үйлчилгээний төв бөгөөд баг төвийн үйлчилгээнд сумын ойр орчмын 10 мянга орчим толгой малыг хамруулах боломжтой.

    Мөн “Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-өөр гар үйлдвэрлэл эрхлэгчдийг чадваржуулах, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдыг хонь хяргах төхөөрөмжтэй харьцаж сургах гэхчлэн цуврал сургалтуудыг хийж байна. Төслийн хүрээнд цаашид олон аймаг, сумдад баг төвийг байгуулан ажиллуулахад анхаарч, сургалт хөтөлбөрүүдийг зохион байгуулж байгаа юм. 

    Монгол Улсад өнөөдрийн байдлаар 20,0 шахам сая хонь үржиж жилд 20,0-22,0 мянган тонн ноос бэлтгэж байгаагийн 95-96 хувийг нь бүдүүн ноос эзэлдэг. 

    Монгол хонины ноосоор гэрийн эсгий, эсгий гутал, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна хонины 1 дүгээр зэргийн ноосоор 2 дугаар зэргийн ноосыг бага хэмжээгээр хольж жилд 800-900 мян. м цэвэр ноосон хивс үйлдвэрлэж байна. Мөн жилдээ бэлтгэх дээрх ноосноос 10 мянга орчим тонноор нь эсгий, хивс үйлдвэрлэдэг бол үлдсэн 10-12 мян.тонныг нь угаагаад БНХАУ-руу экспортод гаргадаг. 

    Өнөөдрийн байдлаар ноос боловсруулах салбарт хивс үйлдвэрлэх 2 үйлдвэр, 4 нэхэх үйлдвэр, 8 ээрэх үйлдвэр, нэхээсгүй эдлэл үйлдвэрлэх 1 үйлдвэр, 19 угаах үйлдвэр, 16 хялгас ялгах үйлдвэр, 56 сүлжих үйлдвэр, эсгий эдлэл үйлдвэрлэх 16 үйлдвэр, 169 эсгийлэх үйлдвэр, нийт 291 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. 

    “Нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төсийн арга хэмжээнд 21 аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын ноосны урамшуулал хариуцсан мэргэжилтнүүд болон ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, ХААИС-ийн мал аж ахуй биотехнологийн сургууль, Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төсөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Ноолуурын тогтвортой өртгийн сүлжээ” төсөл, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн эрдэмтэн багш нар оролцож, ноос боловсруулах үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээ болон Монгол Улсын түүхий эд бэлтгэлийн тогтолцоо, хонь хяргах, мал эрүүлжүүлэх төвийг байгуулсан туршлагаас хуваалцаж, орон нутгийн үйлдвэрлэгчид харилцан туршлага солилцон, ноос, ноолуурын хялгас ялгах, шивмэл эсгийн үйлдвэрлэл болон ээрмэл утас, хивсний үйлдвэр, ноосон даавууны үйлдвэртэй танилцлаа. 

    Latest 150
    Latest 150