• MN
  • EN
  • CN
  • RU
  • Танхимын шинэ гишүүд гэрчилгээгээ гардлаа
    03/22/2019

    Бизнесийг дэмжин өмгөөлөх, нөлөөлөх чиглүүлэх түүчээ нь болсон МҮХАҮТ шинэ гишүүдээр хүрээгээ тэллээ. Салбар салбарын 50 гаруй компани Танхимын гишүүнээр элсэж гэрчилгээгээ гардан авлаа.  

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар шинэ гишүүдэд гэрчилгээ гардуулж, бизнест нь амжилт хүсэв.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Миний бие Танхимын Ерөнхийлөгчийн ажлыг аваад удаагүй байна. МҮХАҮТ-ын өнөөгийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, үр дүнтэй болгон бизнесийн орчныг сайжруулах, нийт компани, ААН-үүдэд хүртээмжтэй, өгөөжтэй байлгах, бизнес эрхлэхэд учирч буй хууль эрхзүйн болоод орчны нөлөөллийг засч залруулахад анхаарч ажиллах болно. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, хууль дүрэм, журмыг амьдралд нийцүүлэн боловсруулж батлуулахад бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, оролцоог хангах хэлбэрээр төр засагтай нягт хамтран ажиллах юм. Үүнд Танхимын гишүүнээр элсэж, нэгэн зорилгын дор нэгдэж буй Та  бүхний дуу хоолой, санал санаачилга, хувь нэмэр чухал билээ. Хамтын хүчээр бизнесийн орчныг сайжруулж, улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох хувийн хэвшлийнхний эрх ашгийн төлөө нэгдэе” хэмээв.

    Бизнес эрхлэгчдийн төлөөлөл болгон Танхимын шинэ гишүүн “Алтан биоплас” ХХК-ийн захирал Б.Очоос санал сэтгэгдлийг нь сонсоход “Танхим  ЖДҮ эрхлэгчдэд олон талын боломж нээж өгдөг учраас өөрийн боломжийг бүрэн ашиглах, гадаад харилцаагаа өргөжүүлэх үүдээс гишүүнээр элссэн. Танхимаас мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл авч, гадаад зах зээл дээр нэр хүндээ өсгөх, холбоо харилцаагаа өргөжүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байна" гэв.

    Гэрчилгээ гардуулах үйл ажиллагааны үеэр шинэ гишүүдэд Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын зүгээс бизнесийн маргаанаас үүдэлтэй санал гомдлыг хэрхэн шийдвэрлэх, валютын ханш, байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс улбаалан бизнест учирсан хохирлыг хэрхэн барагдуулах талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

    Latest 150
    Latest 150