• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бизнест дарамт учруулах Татварын хуулийг яаран батлахыг эсэргүүцэв
    03/22/2019

    МҮХАҮТ-аас УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа Татварын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. 

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “МҮХАҮТ-аас өмнө нь Татварын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулан саналаа ажлын хэсэгт хүргүүлсэн. Хүргүүлсэн саналуудаас дэмжигдээгүй нь өнөөдөр асуудал дагуулж байна. Татварын шинэ хуулиар татварын байцаагчийн торгох эрхийг нэмэгдүүлснээр ашиг сонирхлын зөрчил үүсгэхээр байгаа юм. Тухайлбал, суутган татвар аваагүй, тайлагнаагүй бол татвар төлөөгүй дүнгийн 50 хувиар торгоно гэж заажээ. Торгуулийн дүн нь өөрөө 50-100 хувь гэдэг өндөр дарамт болно. Татвар төлөх орлогоо дарагдуулсан гэж үзвэл торгуулийн хэмжээ 100 хувь хүртэл гэж байгаа. Торгуулийн хэмжээ өсөх хэрээр авлига, ашиг сонирхол үүснэ. Далд эдийн засаг буюу нууц асуудлыг даамжруулна. Татварын өр барагдуулах албадан арга хэмжээ авах, битүүмжлэх харилцааг чангаруулсан. Ингэхдээ татварын байцаагч өөрийн үзэмжээр, шүүхийн шийдвэргүйгээр орон байр, автомашиныг битүүмжлэх эрсдэлтэй заалт орсон. Хөдлөх хөрөнгөд эзэмших эрхийг татварын байцаагч эдэлнэ. Дуудлага худалдаанд оруулбал үнийг татварын байцаагч тогтоохоор байгаа. Энэ бол ноцтой заалт. Татварын өр нь 20 сая бол хилээр гарах эрхийг хязгаарлана гэж байгаа. Энэ заалт гадаадын иргэнд хамаатай гэж тайлбарлаж байгаа ч хөрөнгө оруулагчдаа ингэж ялгаварлах хэрэггүй. Ямар нэг асуудал үүсвэл шүүхийн байгууллагаар дамжуулж шийдэх ёстой. Татварын маргаан таслах зөвлөл дээр оролцоог тэнцүү байлгах ёстой, тэгж байж эрүүл шийдвэр гарна гэж үзэж байна. Татварын тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар бус хаврын чуулганаар хэлэлцэн энэ мэт алдааг засаж хуулийг батлахыг хүсэж байна” гэлээ.

    Мөн тэрбээр, ажлын байр, баялгийг бий болгодог гол хүмүүс бол бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчид юм. Эдэндээ хамгийн халтай хуулийг батлахгүй байх гэж найдаж байна. Хэрвээ батлах юм бол бидний олон жил ярьсан шинэчлэлт биш, ухралт руу орно. Хүний өмчийг бид хуулиар хамгаалах ёстой. Гэтэл нэг хүн үзэмжээрээ энэ асуудлыг хааж боох нь боломжгүй. Хэрвээ үнэхээр энэ хууль батлагдах юм бол дараагийн тэмцэл буюу Ерөнхийлөгчид хандана. Хуулийн төслийг анхан шатны хэлэлцүүлэгт буцаах ёстой. Татварын багц хууль олон жил яригдаж ирсэн, олон жил ч үйлчлэх болохоор нухацтай хандах ёстой. Нэг сарын наана цаана байлаа гээд ач холбогдол нь алдагдахгүй гэж үзэж байна. Тэгэхээр үүнийг эргэж хараасай гэж хүсэж байгаа юм. Мэдээж энэ хуульд сайн заалт олон бий, үүнийг нь бид дэмжиж байгаа. Харин бизнес руу шууд халдсан, шууд үйл ажиллагаанд нь хохирол учруулах заалтыг нь эргэж хараасай гэж хүсэж байна” гэсэн юм.

    Хэвлэлийн бага хуралд МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, “Барс” группийн Ерөнхийлөгч Ч.Амарбаатар, “Хатан сүлжээ” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бадамханд, “Интерактив Би Ай” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чимэддорж нар  оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

    УИХ-аар татварын багц хуулийг батлахын тулд өргөн барьсан гурван хууль болон дагаж 29 хууль, 45 эрх зүйн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулахаар хүлээж байна.

    Latest 150
    Latest 150