• MN
  • EN
  • CN
  • RU
  • Шинэ Барга зүүн хошууны бүсэд татваргүй худалдаа хийнэ
    03/26/2019

    МҮХАҮТ, Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо, Шинэ барга зүүн хошууны ардын засгийн ордон хамтран ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн “Шинэ Барга зүүн хошууны худалдааны чөлөөт бүсийн танилцуулах форум”-ыг зохион байгууллаа.  

    Монгол, Хятад хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Шинэ Барга зүүн хошуу болон Монгол Улсын аж ахуйн нэгж хооронд эдийн засаг, худалдааг дэмжих, Шинэ Барга зүүн хошууны хилийн бүсийн худалдааг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү форумыг Улаанбаатар хотод 2 дах жилдээ зохион байгуулж байгаа юм.

    МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн форумыг нээн хэлсэн үгэндээ, “МҮХАҮТ-ын зүгээс Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы хооронд бүхий л салбарын худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, сайн хөршийн найрамдалт харилцаа, хоёр талын бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын орчин, цаашдын бодлогыг танилцуулж харилцан ойлголцлыг бэхжүүлэн өргөжүүлэх зорилгоор ӨМӨЗО-ы бизнес эрхлэгчдийн холбоотой нягт хамтран ажилладаг. Танхимын зүгээс хөрш хоёр улстай хийж буй худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, хоёр улсын зах зээл, эдийн засгийн өсөлтийг ашиглан, өндөр технологи шингэсэн экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх практик болон бодлогын ажлуудыг тууштай хийсээр ирсэн. Өнөөдрийн бид бүхний хамтран зохион байгуулж байгаа “Шинэ барга зүүн хошууны худалдааны чөлөөт бүсийн танилцуулах форум”, уулзалт нь хоёр талын хилийн бүсийн худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэж байна” гэлээ.

    Мөн тэрбээр, Монгол Улсын хил орчмын бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаанд ОХУ-тай 10, БНХАУ-тай 13 боомтуудыг түшиглэн гадаад харилцаагаа хөгжүүлэх, зах зээлийн багтаамжаа өргөжүүлэх боломжууд бий хэмээн онцлов.     

    Форумаар “Шинэ Барга зүүн хошууны чөлөөт худалдааны бүс”-ийн танилцуулга хийгдэж цаашид харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хоёр тал санал солилцлоо. Мөн Монгол Улсаас Хятад руу мах, махан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн экспортолдог үйлдвэрлэгч, боловсруулагч Монголын ААН-ын 20 гаруй төлөөлөл, Хятадын аж ахуйн нэгжийн нийт 40 төлөөлөл оролцож бүтээгдэхүүн үйлдвэрлэл, компанийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийн, B2B уулзалтыг зохион байгуулав.

    МҮХАҮТ, ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газар, ӨМӨЗО-ны Худалдааны Танхим, “Монгол улс-БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” арга хэмжээ, “Өвөр Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн”, “Хятад, Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны уулзалт”-ыг амжилттай зохион байгуулаад байгаа юм.

    “Шинэ барга зүүн хошууны худалдааны чөлөөт бүс”-ийн татваргүй бүсийн танилцуулгыг тус худалдааны бүсийн менежер хийсэн бөгөөд Монголын аж ахуйн нэгж, компанийн бараа бүтээгдэхүүнийг чөлөөт худалдааны татваргүй бүсэд бизнес эрхлэхэд боломжтой гэдгийг онцолсон юм.

    Тус бүсийн хувьд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шинэ Барга зүүн хошууны албатай хамтран хилийн бүсийн худалдааг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан  бөгөөд хилийн чөлөөт худалдааны татваргүй бүсийн хөрөнгө оруулалт, удирдлага, үйл ажиллагааг хариуцан ажилладгаараа онцлогтой.

    Форумд МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, ХХААХҮЯ-ны жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын төлөөлөгчид, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ван Мин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх Сун Шүежүн, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинэ барга зүүн хошууны дэд дарга Ян Шяоган нар оролцов.

    Тодруулбал, Монгол Улс, БНХАУ 2014 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бөгөөд 2017 оны байдлаар Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 10 тэрбум ам.доллар байсны 63 хувь нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Үүнээс БНХАУ-д хийсэн экспорт нийт экспортын 87,8 хувийг эзэлж байгаа юм.

    Хоёр улс 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд байна.

    Монгол, Хятадын худалдааны эргэлт 2018 онд 8,5 тэрбум ам.доллароос даваад байгаа бөгөөд 2020 он гэхэд 2 талт худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад байна.

    Latest 150
    Latest 150