• MN
  • EN
  • CN
  • RU
  • Боломжоор “амьсгалсан” бизнесийн чуулга уулзалт
    03/29/2019

    ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо 2019 оны 3 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд Монгол-Оросын хамтарсан бизнес чуулга уулзалт болон Монгол, Оросын бараа бүтээгдэхүүний “Baikal Trade–2019” үзэсгэлэн худалдаа боллоо.

    Бизнес чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденов Монгол Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Монгол Улс болон Буриад Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, шинэлэг туршлага, арга барилын талаар харилцан мэдээлэл солилцох замаар тээвэр, эрчим хүч, байгаль орчны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хамтран судлахаар тохиролцлоо.

    "Республиканский Бизнес Инкубатор” төвд болсон бизнес чуулга уулзалтад МҮХАҮТ, ГХЯ, Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Алтанбулаг” чөлөөт бүсийн захиргаа, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын захиргаа, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, Үндэсний үйлдвэрлэгч “Гоёл кашмер” ХХК, “Багануур нэхий” ХХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцон илтгэл, танилцуулга хийв.

    Мөн хоёр орны бизнес эрхлэгчдийн хооронд шинэ түнштэй болох, бие биенээ таньж мэдэх, туршлагаа хуваалцах B2B уулзалтууд зохион байгуулагдлаа.

    МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Буриад Улсын ХАҮТ-ын Ерөнхийлөгч П.В.Ертановтай уулзаж, хоёр Танхимын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, нэн тэргүүнд хийх ажлын төлөвлөгөөг гаргахаар болов.

    Чуулга уулзалтын хоёр дахь өдөр Монголын төлөөлөгчид Буриад Улсын Аж үйлдвэрийн парк, Ориентал Вэй ХХН болон Бурятхлебпром ХН зэрэг байгууллагатай танилцах аялал хийв. 

    Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготой 2016 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн Буриад Улсын Аж үйлдвэрийн паркад одоогоор шалгаруулалтад тэнцсэн 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа аж.

    Хамтарсан үйлдвэр байгуулан Оросын зах зээлд гарахыг хүсч байгаа монголын бизнесменүүдтэй хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ Аж үйлдвэрийн паркийн захирал, хатагтай Г.Попова илэрхийлсэн юм.

    Аж үйлдвэрийн паркийн “бүтээгдэхүүн” болох Ориентал Вэй ХХН нь ногоон, цагаан хаш чулууг боловсруулж, засч янзлан гоёл чимэглэлийн зүйлс хийдэг Оросын цорын ганц үйлдвэр гэнэ. Буриад Улсын Баунтовскийн районы Кавоктины орд газраас олборлодог цагаан хаш, Окинскийн районы Оспины ордоос олборлодог ногоон хашаар урласан бүтээлүүдийг манай урд хөршийнхөн ихэд сонирхдог аж.

    Буриад улсын талх, нарийн боовны тэргүүлэх үйлдвэрлэгч “Бурятхлебпром” Нээлттэй нийгэмлэг нь 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд манай зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд хамтран ажиллах түншээ хайж байгааг тус үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал А.Салтанов илэрхийллээ.

    Мөн бизнес чуулга уулзалтын хүрээнд МҮХАҮТ, Улаан-Үд хотын ХАҮТ-тай хамтран “Пионер 2” худалдааны төвд Монгол Оросын бараа бүтээгдэхүүний “Baikal Trade – 2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулав. 

    Монгол брэндийг таниулан сурталчилж, ОХУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, бизнесийн шинэ түнштэй болох боломжийг олгодог энэхүү үзэсгэлэнд хүнс, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Үндэсний үйлдвэрлэгч “Гоёо” ХХК, “Гоёл кашмер” ХХК, “МонКрем” ХХК, “Багануур нэхий” ХХК зэрэг 20 гаруй аж ахуйн нэгж, Оросын талаас 35 аж ахуйн нэгж оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.

    Latest 150
    Latest 150