• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Бизнес лиг 2019” шилжин явах цомын эзнээр ОСНААУГ-ын баг шалгарлаа
    03/31/2019

    МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулагддаг “Бизнес лиг” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тав дахь улирлын тэмцээн 3 дугаар сарын 16-31 ний бямба, ням гарагуудад  “Мөнхийн Үсэг Групп” ХХК-ийн Мөнх спорт цогцолборт болж өндөрлөлөө.

    2015 оноос эхлэн зохион байгуулагдаж буй тус тэмцээнд МҮХАҮТ-ын нийт 17 гишүүн байгууллагын 250 гаруй тамирчид оролцон, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилжин явах цомын эзнээ тодрууллаа.

    Тэмцээний дүн гарахад шилжин явах цом, алтан медалийн эзнээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын баг  шалгарч, мөнгөн медалийг өнгөрөгч жилийн цомын эзнээр шалгарч байсан Номин холдинг, хүрэл медалийг Бласт компанийн баг тамирчид хүртлээ. Үнэ цэнэтэй тоглогчоор ОСНААУГ-ын  18 номерын тамирчин Ш.Мөнх Эрдэнэ шалгарч мөнгөн шагнал, Hoopcity спорт барааны дэлгүүрийн гарын бэлгээр шагнууллаа.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Мөнхийн үсэг группын дэд захирал Б.Лхагвадорж, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан  нар тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдад баяр хүргэж шилжин явах цом, медаль, өргөмжлөлийг гардуулав.

    “Бизнес лиг 2019” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МҮХАҮТ, хамтран зохион байгуулагчаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба ажиллаж, Сүү ХК, Номин Холдинг ХХК,  Мөнхийн Үсэг Групп ХХК ивээн тэтгэж, М Си Эс Кока Кола ХХК, Hoopcity Спорт барааны дэлгүүр, Актив ус брэндүүд дэмжин ажиллалаа.

    Дашрамд дурдахад тэмцээний өмнөх улирлуудад буюу 2015 онд Мобиком Корпораци ХХК, 2016 онд Голомт Банк ХХК, 2017 онд Хас Банк ХХК, 2018 онд Номин Холдинг ХХК тус тус аваргаар шалгарч байв.

     

    Latest 150
    Latest 150