• MN
  • EN
  • CN
  • RU
  • Гоо сайхны кластер компаниудын уулзалт боллоо
    04/05/2019

    Европын холбооны санхүүжилтээр МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж буй Монголын худалдааг дэмжих  төсөл /TRAM/-өөс дотоодын гоо сайхны компаниудтай кластер байгуулах ажлын хэсгийн тав дахь уулзалт боллоо.  Уулзалтад төсөл хэрэгжүүлэгчид болон кластер багт ажиллах гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцлоо. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилготой энэхүү төсөл 2021 он хүртэл хэрэгжих бөгөөд  Европын зах зээлд гаргахад анхаарлаа хандуулах юм. 

    Төсөл хэрэгжүүлэхийн өмнө судалгаа явуулж байгалийн гаралтай органик гоо сайхны бүтээгдэхүүний экспорт ирээдүйтэй хэмээн тодорхойлсон. Энэ салбарын түүхий эдийн нөөц хангалттай, монгол ахуйг илэрхийлсэн өөрийн гэх өвөрмөц төрхөөр олон улсад танигдах боломжтой юм. Халгай, сүүлний тос, чацаргана, гүүний саам, тэмээний чөмөг зэрэг байгалийн гаралтай, органик түүхий эдээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд Монголд цөөнгүй бий. Тэд дан дангаараа бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний зар сурталчилгаа, дэлхийн брэндүүдтэй өрсөлдөхүйц сав баглаа боодол гээд олон сорилт, бэрхшээлтэй тулгардаг. Эдгээрийг хамтын хүчээр буюу харилцан ашигтай кластерын зарчмаар шийдвэрлэх ажлыг төслийн багийнхан үе шаттай зохион байгуулж байгаа юм. 

    Энэ удаагийн уулзалтаар арьс шир ба махны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний хаягдлыг гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах боломж, Европын сэргээн босголт хөгжлийн банкны экспортыг дэмжих зээлийн хөтөлбөр, кластерийн ажиллагаа, ажлын хэсгүүдийн хийх ажил, нэмүү өртгийн шинжилгээ сэдвээр ярилцлаа. Түүнчлэн стандарт, шинжилгээ туршилт ба Монголын хуулийн орчны талаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Мөн энэ үеэр харилцан ойлголцлын санамж бичигт кластерийн багт ажиллах шинэ гишүүд гарын үсэг зурлаа.

    Latest 150
    Latest 150