• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжил” сэдвийг онцлов
    04/10/2019

    Уул уурхайн ханган нийлүүлэгчдийг танилцуулж, дэвшилтэт тоног төхөөрөмжийг сурталчилдаг “Mongolia Mining-2019” олон улсын уламжлалт үзэсгэлэн  “Буянт-Ухаа” спорт цогцолборт нээлтээ хийлээ. 

    Ес дэх жилдээ зохиогдож буй, гурван өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон Казахстан, Чех, Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нар оролцов.

    Жил бүр нэг сэдэв сонгон, тухайн сэдэв рүүгээ олон нийтийн анхаарлыг татахыг хичээдэг тус үзэсгэлэн энэ удаад “Хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжил” сэдвийг онцолж байна.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ-аас жил бүр Засгийн газартай хамтран ТОП-100 аж ахуйн нэгжийг  эрэмбэлэн ирсэн. Өмнөх оны ТОП-100 ААН-д нийт 22 уул уурхай, олборлох үйлдвэр орсон бөгөөд эдгээр компаниуд нь нийт ТОП 100 ААН-ийн улсад төлж буй татварын орлогын 50 хувийг бүрдүүлсэн байна. Үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд нь өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажлуудыг хийхийн зэрэгцээ улсдаа татвар, шимтгэлээ төлж, жижиг дунд бизнесийг дэмжин, орон нутгийн иргэдэд зориулан дэд бүтцийн болон нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, өөрсдийн санаачлан хэрэгжүүлсэн орон нутгийг дэмжих хөтөлбөрүүдээр Энержи Ресурс компани “Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын шалгаруулалт”-д  нэр дэвшиж, ТОП шагналыг  хүртсэнийг хэлэхэд таатай байна. Энэ мэт олон сайн жишээг нэрлэх боломжтой. Цаашид уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд “Хариуцлагатай уул уурхайн зарчим”-уудыг баримтлан нийгмийн хариуцлагын  бодлогыг гарган, урт хугацаанд хэрэгжүүлж, ажиллахыг уриалж байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс 2019 оныг Эх оронч худалдан авалтын жил болгон зарласан. Энэ санаачлагад Та бүхнийг нэгдэн, дотоодын үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг дэмжин, эдийн засагт бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

    “Mongolia Mining-2019” үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий 20 гаруй орны 150 гаруй компани оролцож байна. Мөн эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол Улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр хэлэлцүүлэг өрнөх аж.

     
    2018 оны байдлаар уул уурхайн салбар нь ДНБ-ийн 24 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувь, экспортын 87 хувийг эзэлж, улсын төсөвт 2 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн ба энэ оны 2 сарын байдлаар төвлөрүүлсэн татвар хураамж нь өмнөх оныхоос 35 хувь буюу 124 тэрбумаар өссөн байна.

    Latest 150
    Latest 150