• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хөдөлмөрийн тухай хуульд бизнес эрхлэгчдийн саналыг нэмэрлэв
    04/11/2019

    УИХ-ын хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбогдуулан “Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр” үндэсний чуулган зохион байгуулагдлаа.

    Тус чуулганд хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн ажилд оролцогч талууд болох УИХ-ын НББСШУ-ны Байнгын хороо, хуулийн төслийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, МАОЭНХ болон бусад холбогдох төлөөллүүд оролцсон юм.

    МҮХАҮТ-ын зүгээс хөдөлмөрийн харилцаан дахь ажил олгогч ба ажилтны эрх үүргийн тэнцвэрийг хангах, шинээр бий болсон хөдөлмөрийн харилцааг зохицуулах, хөдөлмөрийн маргааныг зөвшилцлийн замаар шийдэх зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн үзэл санааг  дэмжин, Хөдөлмөр, Нийгэм Хамгааллын Сайдын 2016 оны А/183 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, 2018 оны 5-р сарын 11-ний өдөр байгуулагдсан УИХ-ын Чуулган болон Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсэгт орж ажилласан. 

    МҮХАҮТ-ын зүгээс “Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр” үндэсний чуулганд байр сууриа илэрхийлж, бизнес эрхлэгчдээс хуулийн төсөлд ирүүлсэн боловч тусгагдаагүй үлдсэн саналуудыг УИХ дахь хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилд гардуулан өглөө.

    Мөн ирэх 7 хоногт уг хуулийн төслийг бизнес эрхлэгчдэд танилцуулах, эцсийн байдлаар зарчмын болон зүйл, заалтын саналыг авах хэлэлцүүлгийг МҮХАҮТ-аас зохион байгуулахаар боллоо. 

    Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн ажил 9-н жилийн хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд хуулийн төсөлд жижиг, дунд аж ахуйн нэгж болон албан бус салбарт ажиллаж буй ажиллагсдын суурь эрхийг хамгаалах, хөдөлмөрийн харилцаа эхэлснээр хөдөлмөрлөх эрхийн баталгаа, суурь тавигдах, хамтын гэрээ, хэлэлцээрийг зохицуулах, ажил олгогч ажилтан хоёрын шинэ харилцаа, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг суурь хэмжүүрүүдийг тусгаж байна. Хуулийн шинэчлэлд оролцогч талууд ажил олгогч, ажилтаны эрх ашиг, тэнцвэрийг хадгалж,  зөвшилцлийн  байр суурийг баримтлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

    Latest 150
    Latest 150