• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бизнес эрхлэгчид оны онцлох аж ахуйн нэгж Мобиком Корпорациар зочиллоо
    04/18/2019

    МҮХАҮТ-аас оны онцлох аж ахуй нэгжийн энэ оны анхны аяллаа Монголын хамгийн олон үүрэн утасны хэрэглэгчтэй Мобиком корпорациас эхэллээ. Мобиком корпораци МҮХАҮТ-аас шалгаруулсан 2018 оны шилдэг аж ахуй нэгж Гран При шагнал хүртсэн байгууллага юм.

    Харилцан туршлага солилцох, компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэ удаагийн аялалд танхимын гишүүн 26 компани, аж ахуй нэгжийн захирал, удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцов.

    Аяллын эхэнд Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирал Тацүя Хамада оролцогчдыг хүлээж авч уулзан компанийн өнөөгийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл болон нийгмийн хариуцлагын хүрээнд явуулж буй ажлуудын талаар мэдээлэл хийлээ.

    1996 онд байгуулагдсан Мобиком корпораци хэрэглэгчийнхээ төлөө, салбарынхаа хөгжлийн төлөө жил бүр их хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд зөвхөн сүлжээний хүртээмжийг хангахаас гадна чанар буюу хурдыг улам сайжруулахын тулд хөрөнгө оруулалт хийж байсныг онцоллоо. Тэрбээр хэлэхдээ “Дэлхий дахинд маш хурдтайгаар хөгжиж дээшилсээр байгаа тоон системийн өнөө үед бизнесийн талбарт үйл ажиллагаа явуулж  буй аж ахуйн нэгж, компаниуд энэхүү тоон системд нэн даруй шилжих шаардлагатай. Тиймээс манай корпораци энэхүү шаардлага хэрэгцээг бүрдүүлэхийн тулд олон улсын TIER III түвшний стандартыг хангасан Дата төвийг өнгөрсөн онд нээсэн. Мөн дэлхий дахинд бэлэн мөнгөний хэрэглээ улам бүр хумигдаж буй өнөө үед цахим мөнгөний хэрэглээ түүнийг дагасан онлайн хөгжүүлэлтийг хийх зайлшгүй шаардлагатай болж байна” гэжээ.

    Аяллын хүрээнд аж ахуй нэгжийн төлөөллүүд үргэлжлүүлээд “Тэди” төв, Мобикомын үйлчилгээний нэгдсэн “2222” төвөөр зочилсон юм. Энэхүү төв нь өрхийн интернэт, үүрэн холбоо, цахим мөнгөний үйлчилгээтэй холбоотой бүх лавлагаа мэдээллээр 24 цагийн турш хангадаг. Дараа нь аяллын баг “Тэди” төв, “Монгол Контент” компанитай танилцлаа. SMS дээр суурилсан нэмэлт үйлчилгээ, хэрэглэгчдэд гар утсыг бүрэн ашиглах хэрэглээг хөгжүүлэх зорилгоор “Монгол Контент” ХХК 2005 онд байгуулагджээ.

    Олон улсын TIER II, TIER III түвшний стандартыг хангасан Дата төвүүдийг нь 2018 оны томоохон бүтээн байгуулалт хэмээн нэрлэж байна. Энэхүү төв нь биет сервер байршуулах, виртуал сервер түрээс, веб байршуулах үйлчилгээ, домэйн нэр зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа ажээ. 

    Аяллын төгсгөлд оролцогч компаниуд оны онцлох аж ахуй нэгжийн аялал үр дүнтэй болсныг тэмдэглээд харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах олон боломж гарч байгааг онцлов.

    Latest 150
    Latest 150