• MN
  • EN
  • CN
  • RU
  • Зөвшөөрлийн тухай хуульд бизнесийн салбарынхны саналыг нэгтгэлээ
    04/23/2019

    МҮХАҮТ-аас Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж, 30 гаруй аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, бизнесийн чиглэлийн ТББ-ын төлөөллүүд оролцон тусгай зөвшөөрлийг уул уурхай, банк, барилга гэхчлэн салбар салбараар нь хэрхэн яаж зохицуулах вэ гэдэгт тухайлан ярилцлаа. 

    2016 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгаа бий. Энэ нь бизнес эрхэлж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж байгаа, мөн зөвшөөрөлтэй холбоотой зарим харилцааг шинээр зохицуулах шаардлага гарсан учир УИХ-ын нэр бүхий гишүүдээс Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг боловсруулан 3 дугаар сарын 29-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн бөгөөд ЗГХЭГ-т ажлын хэсэг ажиллаж, уг хуулийн төслийг удахгүй өргөн барихаар бэлтгэж байгаа юм.

    Хэлэлцүүлгийг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ, “Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон  Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлэх, давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгах, зөвшөөрөл хүчинтэй байх хугацааг сунгах, лиценз авдаг шат дамжлагыг багасгах зэрэг заалтууд туссан. Үүний хүрээнд МҮХАҮТ-аас төрийн байгууллагуудаас олгодог тусгай зөвшөөрөл, тодорхойлолт, лавлагаа зэрэг зөвшөөрлүүдийн тоог бууруулах, тэдгээрийг олгох үйл явцыг хөнгөвчлөх чиглэлээр УИХ, Засгийн газраас гаргасан санаачилгуудыг дэмжин, хөрсөн дээр зөв буулгах талаас нь идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хууль нь эдийн засгийн гол салбаруудын хувьд чухал үр нөлөөтэй.  Хууль өөрчлөгдсөнөөр аж ахуйн нэгжүүдийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлүүдийн асуудал хөндөгдөж болзошгүй тул төсөлд саналаа нэгтгэх зайлшгүй шаардлагатай” гэлээ. 

    Хэлэлцүүлэгт оролцогчид Зөвшөөрлийн тухай хууль батлагдсанаар одоо эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийг хэрхэх, хөрөнгө оруулалтаа хийчихсэн, үргэлжилж буй төсөл хөтөлбөрүүд цаашид яах вэ, энэ хуулийг хүлээзнээд хөрөнгө оруулалт саатаж байгаа, үүнийг хэрхэн шийдэх вэ, салбараас хамаарч тусгай зөвшөөрлийн хугацааг ялгавартай тогтоох хэрэгтэй гэхчлэн олон чухал асуудлыг гарган тавьж, саналаа нэгтгэн хуулийн төслийн ажлын хэсэгт хүргүүлэхээр боллоо.

    Latest 150
    Latest 150