• MN
  • EN
  • CN
  • RU
  • ЖДҮ-ийн төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнд дөрвөн ТББ оролцоно
    05/15/2019

    МҮХАҮТ-ын төлөөлөл өнгөрсөн хугацаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн А-50 тоот тушаалаар байгуулагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын төслийг боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэгт идэвхтэй орж ажилласан юм. Тус журмын төсөл ХХААХҮ-ийн Сайдын А-119 тоот тушаалаар батлагдлаа.

    Танхимын зүгээс журмын төслийг бизнес эрхлэгчдэд танилцуулж, санал авах зорилгоор олон нийтэд мэдээлсэн бөгөөд бизнес эрхлэгчид, танхимын дэргэдэх зөвлөл болон салбар танхимуудаас ирүүлсэн зарчмын болон зүйл заалтын саналуудыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн, тодорхой саналыг тусгуулж ажилласан юм.

    Уг журмын шинэчлэлээр Сангаас шууд олгох болон Банкаар дамжуулан олгох зээлийн төслийн сонгон шалгаруулалтын үе шатыг илүү нарийвчлан тодорхой болгож, онооны системээр үнэлэх буюу 100 хүртэл оноогоор дүгнэн, 70-аас дээш оноо авсан төслийг дараа дараагийн шат руу шилжүүлэх, мөн үе шат бүрд авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн, төслийн жагсаалтыг батлахаар заасан. Мөн хороо, дэд хорооны төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй зохион байгуулахаар зааж, мөн Сан болон аймгийн төсөл хариуцсан мэргэжилтний үүрэг хариуцлагыг илүү чангатган орууллаа. Түүнчлэн Сангийн зээлийг зорилтот бүлэгт хүргэх зорилгоор Төрийн өндөр дээд албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдээс төслийн саналыг хүлээн авахгүй байхаар заасан болно.

    Мөн төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хороо нь 8 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд үүнд ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахаар сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан Төрийн бус байгууллагын 4 төлөөлөл байхаар тусгууллаа.

    МҮХАҮТ-ын зүгээс жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах, тухайн зээлийг зорилтот бүлэгт хүргэх, төсөл сонгон шалгаруулалтад хяналт тавьж ажиллах зорилгоор Төсөл сонгон шалгаруулах хороо болон дэд хороонд орж ажиллах албан хүсэлтээ ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаанд хүргүүлээд байна.

    Жич: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журамтай дараах линкээр орж танилцана уу.

    https://www.legalinfo.mn/annex/details/9737?lawid=14337

    Latest 150
    Latest 150